БНХАУ-ын боомтуудтай Ляонин мужаар дамжин холбогдох гарц нээгдэж буйг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны
наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол
Улс-БНХАУ-ын Ляонин муж хоорондын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын
бизнес уулзалт өнөөдөр “Кемпински” зочид буудалд боллоо.
Уулзалтад БНХАУ-ын Ляонин
мужийн Ардын Засгийн газрын дэд дарга Жинь Гуовэй тэргүүтэй тус мужийн
худалдаа, бизнесийн газрын удирдлага, Шэньян, Аньшань, Жиньжөү хотын удирдлага,
бизнесийн төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо.
Монгол-Хятадын найрамдлын
нийгэмлэгээс зохион байгуулж, Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-наас дэмжсэн тус уулзалтаар
Шэньян, Аньшань, Жиньжөү хотын удирдлага Хятад улсын зүүн хойд бүс нутгийн
бизнес, эдийн засгийн орчны талаар танилцууллаа. Тухайлбал, Шэньян хотын орлогч
дарга, хатагтай Жөн Бинь уулзалт дээр хэлсэн үгэндээ, Монгол Улс-БНХАУ-ын Ляонин
муж хоорондын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа жилээс
жилд нэмэгдэж буйг дурдлаа.
БНХАУ-ын Тяньжин боомттой холбогдож, зөвхөн тус боомтоор импорт, экспортын ачаа тээвэр хийдэг Монгол Улс Ляонин мужтай холбогдож харилцсанаар БНХАУ-ын эх газрын болон далайн эргийн бусад боомттой холбогдох гарц нээгдэж буйг онцолсон юм.
Дээрх боломжийг монгол нөхөд ч сайн ойлгож, ашиглах талаар манай муж, хоттой харилцаа, хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Монгол Улс-БНХАУ-ын Ляонин
муж хоорондын худалдаа, эдийн засаг хөрөнгө оруулалтын бизнес уулзалтад БНХАУ-ын
эрчим хүч, мал аж ахуй, хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмжийн “SANY”,
“TBEA” зэрэг томоохон компани, “Ши Лю” групп, Жиньжөү боомтын төлөөлөл, 20
гаруй компанийн удирдлага Монгол Улсад ирж оролцлоо. Монгол Улсын талаас “Ханбогд
Ирата”, “Ганбүрд”, “Жи Ти Ай”, “Соёолон интернэшнл” зэрэг тээвэр-ложистик,
худалдааны компанийн удирдлага оролцож, хамтын ажиллагааны баримт бичигт гарын
үсэг зурлаа.
Бизнес форум хоёр улсын
төлөөллийн нүүр тулсан В2В уулзалтаар үргэлжилсэн юм.
Нэмж мэдээлэхэд, БНХАУ-ын
Ляонин муж нь зүүн хойд бүсийн Манжуурт ордог, Ялу голоор БНАСАУ-тай, дотооддоо
ӨМӨЗО болон Гирин, Хэбэй мужуудтайгаа хиллэдэг, 50 сая шахам хүн амтай, Шэньян
буюу хуучнаар Мүгдэн, мөн Далянь, Аньшань, Фушинь зэрэг томоохон хотуудтай, Хятадын
23 мужийн нэг юм.
Ляонин мужийн “Шилиу” үндэсний цахим худалдааны бааз онлайн болон офлайныг нэгтгэсэн зах зээл, санхүүгийн харилцаа үйлчилгээг хөгжүүлж, 37.8 тэрбум юанийн ложистикийн гүйлгээ хийгээд байна.