Ухаалаг хүлэмжийн цогцолборын шавыг тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-18 16:50:31

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монголд тогтвортой, жилийн дөрвөн улиралд ногоо бэлтгэн нийлүүлэх боломжийг бүрдүүлж, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн тогтвортой байдлыг хангах зорилгоор Үндэсний ухаалаг хүлэмжийн цогцолборын шавыг тавилаа.


Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байгуулах ухаалаг хүлэмжийн цогцолборын төслийг ойролцоогоор 3.42 сая ам.долларын төсвөөр ХХААХҮЯ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв, БНСУ-ын “Хангён үндэсний их сургууль, Солонгосын Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны газар хамтран 2025-2029 онд хэрэгжүүлнэ. Хүлэмжийн цогцолбор нь хүнсний ногооны судалгааны төв, сургалтын танхим, хүнсний ногоо боловсруулах цех, бараа материалын агуулах, дэвшилтэт, дунд технологийн болон хойд бүсийн хүлэмжүүд, босоо тариалангийн контейнер, ил талбайн ухаалаг аж ахуй, хөдөө аж ахуйн технологийн паркаас бүрдэх юм.


ХХААХҮЯ-ны мэдээлснээр төслийн хүрээнд ухаалаг хүлэмжийн аж ахуй эрхлэх, тариалалтын технологийн онолын сургалт орохоос гадна онол, талбайн сургалтыг үе шаттай явуулан мэргэжилтэн, судлаач, тариаланчдад зориулсан уулзалт, семинарыг жил бүр зохион байгуулна. Төсөл хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн технологийн чадавх сайжирч, хүнсний ногоог жилийн турш тогтвортой үйлдвэрлэх бааз суурь бүрдэхээс гадна тариаланчдын орлого нэмэгдэж, орон нутгийн эдийн засаг сэргэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн технологи нэвтрэх ач холбогдолтой гэжээ.

Холбоотой мэдээ