СҮХБААТАР: Шинээр 1482 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-08-12 16:17:53

Баруун-Урт 2024 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Өнөөдөр улс даяар нэгдүгээр ангид шинээр элсэгчдийн бүртгэл эхэлж байгаа. Хамран сургах тойргоор тогтоосноор Сүхбаатар аймгийн хэмжээнд 1482 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно. Үүний 663 нь Баруун-Урт суманд байна.

 

Шинээр нэгдүгээр ангид элсэгчдийн хувьд заавал цахимаар бүртгүүлсэн байна. Ингэхдээ улсын бүтгэлийн хэлтсийн хаягт үндэслэн бүртгэлийг баталгаажуулна. Хэрэв хаяг эсвэл сургууль андуурагдсан тохиолдолд харъяаллын сургууль дээрээ очиж засварлуулж баталгаажуулах боломжтой. Өөрөөр хэлбэл бүртгэлтэй холбоотой үүссэн асуудлыг тухайн сургууль нь бие даан шийдвэрлэх боломжтой болсон. Бид зөвхөн хяналт тавина. 2024-2025 оны хичээлийн шинэ жил удахгүй эхэлнэ. Аймгийн хэмжээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хангагдаж, дуусах шатандаа орсон. Сургууль, цэцэрлэгүүдийг засвар үйлчилгээний ажлууд хийгдсэн.  Баруун-Урт сумын гуравдугаар сургууль шинэ байранд орсноор хуучин байрыг ачаалал ихтэй сургуулиуд хичээлийн хоёрдугаар байр болгон ашиглах зохицуулалтыг хийсэн. Ингэснээр гурван ээлжээр хичээллэдэг явдал үгүй болж байна гэж аймгийн Боловсролын газрын дарга Ж.Түвшинжаргал хэллээ.

 

Цэцэрлэгийн бүртгэлийг мөн хамран сургах тойргийн дагуу хийнэ. Энэ хичээлийн жилд тус аймагт 24 цэцэрлэгт 2-5 насны 6400 гаруй хүүхэд СӨБ-д хамрагдана.

 

Холбоотой мэдээ