ДАРХАН-УУЛ: Оюутан цэргүүд тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-08-12 14:10:11

Дархан, 2024 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаас “Оюутан цэрэг” сургалтад 1500 оюутан, суралцагчийг хамруулах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу Дархан-Уул аймгийн зэвсэгт хүчний 330 дугаар ангийн хээрийн штабт нийт 54 оюутан, залуус сургалтын үйл ажиллагаанд амжилттай суралцаж цэргийн тангараг өргөлөө.




Их, дээд, мэргэжлийн сургуулиудыг түшиглэн Дархан-Уул аймагт хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Оюутан цэрэг” сургалтад хамрагдахаар эдгээр залуус өнгөрсөн дөрөвдүгээр сард батламжаа гардан авч байсан.




Оюутан цэргүүд гуравдугаар сарын 30-ны өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдрийг дуустал танхимын сургалтад хамрагдаж, хээрийн бэлтгэлдээ гарчээ.




“Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх талын туслалцааг орон нутгаас дэмжин ажиллахын зэрэгцээ, хээрийн бэлтгэл хийх газрын цэрэгжилтийн хангалтад зэвсэгт хүчний 330 дугаар анги хамтран ажиллаж байна.




Улс орны батлан хамгаалах чадавхыг сайжруулах, дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг нэмэгдүүлэх, төрийн алба хаших, батлан хамгаалах бэлтгэлтэй иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор оюутан залуусыг их, дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг бүрдүүлсэн нь тэдгээрийг цэрэг-эх оронч үзэл, хүмүүжилтэй, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдрын болон сэтгэл зүйн тэвчээртэй болгон төлөвшүүлж байгаа нь олон нийтийн дэмжлэгийг авч тус сургалтын эрэлт, хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж буйг албаныхан онцоллоо.

Холбоотой мэдээ