ЗАВХАН: Цэнгэг уст Баяннуур, Бор хярын элс

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-08-07 17:03:16

Улиастай, 2024 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Сантмаргаз сумын нутагт байрлах Баян нуур нь монгол орны цэнгэг уст нуурын нэг юм.


Баян нуур нь Завхан аймгийн Сантмаргаз сумын төвөөс 25 км-ийн зайд оршдог, эргийнх нь нийт урт 59 км. Нуурын өмнөд эрэг нь элсэрхэг тул илүүдэл ус нь түүгээр шүүгдэж байдгийн ачаар цэнгэг устай ажээ.


Нуур нь хэдийгээр багавтар талбайтай ч Монголын цэнгэг уст нууруудаас эзлэхүүнээрээ зургаад жагсдаг. Нуурын тэн хагас нь 20 м гүн, гуравны нэг орчим нь 30 м, найман хувь нь 40 м гүн ажээ. Зуны улиралд нуурын гадаргын температур 17 - 25°C, 20-25 метрийн гүнд 8°C орчим байдаг. Баян нуур нь загас агнуурын нөөцтэй төдийгүй дотоод гадаадын аялагч, жуулчдын сонирхлыг татах байгалийн өвөрмөц тогтоц бүхий нуур юм.

 

Тус нуур Хүнгүйн голоос эх авч, нуурын өмнөд зах нь алдарт Бор хярын элсэн манханд тулж үзэсгэлэнт булан тохой, шугуй, баян бүрд үүсгэдэг зэлүүд онгон газар юм. Дулааны улиралд олон төрлийн нүүдлийн шувууд ирж зусдаг бөгөөд нуурын өмнөх шугуйд зэгсний гахай, ондатор, аргал зэрэг ан амьтадтай.


Баян нуурыг зорих гэж байгаа бол Сантмаргаз сумын төв нь Улиастайгаас 310 км, Улаанбаатараас 1047 км зайтай. Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд улсын чанартай хатуу хучилттай авто замаар зорчиж Завхан аймгийн Сонгино сумаас баруун урагш чиглэлд Сантмаргаз сум руу 60 гаруй км явж хүрнэ.


Баян нуурын эрэгт “Баяннуурын Ар”, “Баяннуур” гэсэн гэр, байшин хосолсон жуулчны баазууд бий. “Баяннуур” бааз нь нэг ээлждээ 30-35 хүн хүлээн авах бөгөөд Улаанбаатар хотоос 1150 км, Сантмаргаз сумын төвөөс 28 км-т байрладаг. “Баяннуурын Ар” жуулчны бааз нь нэг ээлждээ 25-30 хүн хүлээн авдаг, Улаанбаатар хотоос 1320 км, Улиастайгаас 395 км-т байрладаг. Эдгээр жуулчны бааз нь аялагчдад морь, тэмээн аялал, загас барих, нуурын ойр орчмын үзэсгэлэнт бүрд, элсэн шанаагаар аялах, сүү цагаан идээ боловсруулах, гүү барих, гэр барих гэхчлэн малчдын уламжлалт ахуйтай танилцах аяллыг санал болгодог ажээ. 

Баяннуур, Гэрэл зургийг: П.Баатарзоригт


Баяннуур, Бор хярын элс, Гэрэл зургийг: Б.Эрдэнэбулган


Баяннуурын малчин, Гэрэл зургийг: н.Батдарь


Баяннуур жуулчны бааз


Баяннуурт ирсэн жуулчид


Баяннуурын ойролцоох элсэн бөөрөг


Баяннуур, Бор хярын элс, наран жаргах мөч. Гэрэл зургийг: Б.Эрдэнэбулган


Холбоотой мэдээ