Филиппин, АНУ, Канад, Австралийн цэргүүд хамтарсан сургуулилалт хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-08-07 16:55:50

МАНИЛА, 2024 оны наймдугаар сарын 7 /VOA/. Филиппин, АНУ, Канад, Австралийн цэргийнхэн тэнгис, агаарын цэргийн хоёр өдрийн хамтарсан сургуулилалтыг лхагва гарагт хийж эхэлжээ. 


Уг сургуулилалт нь Филиппиний эдийн засгийн онцгой бүсэд явагдах бөгөөд Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүсийг дэмжих чиглэлд бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх хамтын үүрэг хариуцлагыг харуулах болно гэж дөрвөн улсын цэргийн өндөр албан тушаалтнууд мэдэгдсэн байна.


Хятад улс Тайвань болон Өмнөд Хятадын тэнгисийг дамнуулан цэргийн сүр хүчээ үзүүлж байгаа нь АНУ татагдан ороход хүргэж болзошгүй мөргөлдөөн гарах вий гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлж буй үед уг сургуулилалтыг хийж байна. Бээжингийн засаг захиргааны зүгээс Өмнөд Хятадын тэнгисийн дийлэнх хэсгийг өөрийн газар нутаг гэж мэдэгддэг бөгөөд уг байр суурийг үндэслэлгүй гэж үзсэн олон улсын шүүхийн шийдвэрийг няцаасаар ирсэн юм.


Филиппиний тал өнгөрсөн долоо хоногт Өмнөд Хятадын тэнгист эхлээд АНУ-тай, хоёр хоногийн дараа Японтой тэнгисийн цэргийн хамтарсан сургууль хийжээ. Мөн Филиппин, Вьетнамын цэргийнхэн баасан гарагт Манила булангийн ойролцоо эргийн хамгаалалтын хамтарсан сургууль хийхээр төлөвлөж байна. Филиппин улс АНУ-тай харилцан батлан ​​хамгаалахын гэрээ байгуулсан бөгөөд өнгөрсөн сард Японтой гэрээ байгуулснаар бие биеийнхээ нутаг дэвсгэрт цэргээ байршуулах боломжтой болжээ.


Далай тэнгисийн олон талт хамтын ажиллагааны сургууль” нь дөрвөн орны цэргийнхний анхны хамтарсан сургуулилалт бөгөөд түүнд тэнгисийн болон агаарын цэргийн хүчний анги нэгтгэлүүд оролцоно гэж Филиппиний Зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Франс Пресс агентлагт мэдээлсэн байна.

 


Холбоотой мэдээ