Хайрын сэдэвт хип хоп хит дууны эзэд хамтран тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. 2000-аад оны дунд үед Монголын залуусыг байлдан дагуулж, хайрын сэдэвт дуунууд нь ардын дуу шиг түгэн дэлгэрсэн, хип хоп урлагийн дунд үеийн төлөөлөл “Мөнхийн реп”, “Flash”, “Outlaw”, “No name” хамтлагууд анх удаа хамтран тоглохоор болсон билээ.
Энэ сарын 9-нд болох “Бүгд хит” нэртэй уг тоглолтод 2005-2015 онд сонсогчдын сонорыг мялааж байсан 76 хит дууг эгшиглүүлэх ажээ. Үзэгчдээс ирсэн саналын дагуу тус хамтлагийн дуунуудын найруулга, хөгжимд ямар нэгэн шинэчлэлт хийхгүй бөгөөд анхны хувилбараар олны хүртээл болохоороо онцлогтой юм.
Тоглолтын талаар зохион байгуулагчид нь ярихдаа, “Хип хопоор бол ардын дуу шиг болсон тухайн цаг үедээ хит болсон 70 гаруй дууг дуулна. Бид өмнө нь хамтарч тоглож байгаагүй. Энэ удаа хамтдаа дуулах гэж буй нь тоглолтын онцлог юм. Дахин хамт тоглохгүй. Мэдэхгүй нэг ч дуу байхгүй учир үзэгчид бүгдийг нь дагаж дуулах болов уу гэж бодож байна.
Түүнчлэн зочин уран бүтээлчдээр дуулаагүй удсан Гала, Next зэрэг есөн хамтлаг, дуучин оролцоно. Үзэгчид бол бидний хүндэт зочин. Иймд үзэгчдийг тоглолтоос сэтгэл дүүрэн гаргах тал дээр дөрвөн хамтлаг ажиллаж байна. Энэ үүднээс хоол, унд, ариун цэврийн байгууламж, автомашины зогсоол гэх мэт бүх асуудлыг шийдсэн” хэмээн онцоллоо.
Ташрамд
сонирхуулахад, ая зохиогч, гитарчин Д.Өлзий-Орших хип хоп хамтлагт анх
удаа дуу зохиож өгсөн нь “Тод од” аж. Энэхүү бүтээлийг дээрх дөрвөн хамтлаг
хамтран олны хүртээл болгох юм.