БУЛГАН: Шөнийн байгальд хүн төрлөхтний хамгийн анхны романаар сэдэвлэсэн драмын жүжиг тоглоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Тайзны урлагийн бүтээлээс гадна соёлын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа тодорхойлсон Эрт Урьдын Цагт театр нь “Эрт урьдын цагт – театрчилсан аялал 2024” үйл ажиллагаагаа зарлаад удаагүй байна.
Тус театрчилсан аяллын гол зорилго нь үнэт өв болсон үзэсгэлэнт болоод дурсгалт газруудаар дотоодын болоод гадаадын жуулчдыг аялахад гүүр болохоос гадна, хөдөөгийн сайхан талд шөнийн одот тэнгэрийн доор “драмын жүжиг” үзэх боломжийг нээж өгдөг байна.
2019 онд анхны
аялал Орхон, Булган аймгаар өрнөж, “Уран тогоо” уул, “Бай Балык” хотын туурь
зэрэг газруудаар жуулчилж, “Итгэлийг эвдэгч” нэг хүний жүжгийг тоглож байсан
бол энэ жил Орхон, Сэлэнгэ аймгуудын нутгаар аялан “Амарбаясгалант хийд”,
“Зараатын хөндий”, “Бөөрхөнхий сайр”, “Хадан агуй” зэрэг газруудаар 2024 оны 8
дугаар сарын 10-11 ний өдрүүдэд буюу нэг шөнө, хоёр өдрийн турш аялахаар
төлөвлөжээ.
Театрчилсан аяллын
гол зорилгыг дээр дурдсанчлан энэ удаад байгальд тоглогдох бүтээлээр “ХОРЬДЫН
САРНААР” нэг хүний драмын жүжиг сонгогджээ. Тус бүтээл нь хүн төрөлхтөний
хамгийн анхны роман (үргэлжилсэн үгийн зохиол) болох, Мурасаки Шикибүгийн
"Гэнжийн туульс"-аас сэдэвлэгдсэн бөгөөд Кокидэн хэмээх төрийн их
хатны тухай өгүүлэх ажээ.
“Хорьдын сарнаар”
монодрамын зохиолч, найруулагчаар “Гэгээн Муза” олон улсын театрын их наадмын
“Шилдэг зохиолч”, “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг найруулагч” алтан цомуудыг
хүртсэн, Эрт Урьдын Цагт театрын найруулагч, зохиолч Г.Мишээл /СТА/ ажилласан
байна. Харин Кокидэн хатны дүрд “Гэгээн Муза” олон улсын театрын их наадмын Нэг
хүний жүжгийн төрөлд "Шилдэг эмэгтэй жүжигчин", Хүүхдийн жүжгийн
төрөлд "Шилдэг эмэгтэй туслах дүр"-ийн алтан цомыг хүртсэн, Эрт
Урьдын Цагт театрын жүжигчин Ч.Уранбилэг /СТА/ тоглох гэж байна.
ТЕАТРЧИЛСАН АЯЛАЛД ГАРСНААР:
“ДРАМЫН ЖҮЖИГ”
“Хорьдын сарнаар” ганц хүний драмын жүжгийг дэлхийн
хамгийн анхны роман
“Гэнжийн
туульс”-аас сэдэвлэснийг дээр дурдсан билээ. Жүжигт гарах Кокидэн хатан нь эх
зохиолдоо эсрэг талын дүр бөгөөд жүжгийн зохиолч, найруулагч тус дүрийг эерэг
дүр болгон задалж, уламжлалт (ихэнх сонгодог жүжгийн хайрцгаар) буюу шүлэглэсэн
хэлбэрээр хүүрнэн 500 гаруй мөртөд багтаажээ. Харин жүжигчин Ч.Уранбилэг
“Хорьдын сарнаар” бүтээлд Кокидэн хатны дүрийг залуу, дунд, өтөл гэсэн гурван
насны зөрүүг ялган ажилласан байна.
"АМАРБАЯСГАЛАНТ
ХИЙД"
Шашин, түүх, соёл
урлагийн хосгүй үнэт өв дурсгал төдийгүй уран барилгын хосгүй нандин бүхнийг
шингээсэн Буддын шашны томоохон хийд хэмээхүй, Манжийн Найралт төв хааны
зарлигаар, Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж бүтээсэн Амарбаясгалант
хийдээр зочлох бөгөөд, аяллын үеэр тохиох "Гонгорын бумбаны тахилга"-ыг
үзэж сонирхох боломжтой.
"БҮРЭНХААН
УУЛ"
Сэлэнгэ аймгийн
нутаг нь дунд зэргийн уул нурууд, намхан уулс, уулс хоорондын өргөн, нарийн
хөндий, нам хотос бүхий гадаргатай бөгөөд Бүрэн, Жид, Хэнтийн нурууны салбар
уулсаас тогтдог аж. Тус аймгийн уулсын хамгийн өндөр нь далайн түвшнээс дээш
2223 метр, хамгийн нам цэг нь Сэлэнгэ мөрний адагт далайн түвшнээс дээш 600
метрт өргөгдсөн. Орхон, Сэлэнгийн сав газрын нам хотос, өргөн хөндийнүүд далайн
түвшнээс дээш 750-1300 метрт өргөгдсөн байна. Бүрэнхаан, Товхонхаан,
Дулаанхаан, Дэлгэрхаан, Баянхаан, Түнхэлийн хөх нуруу, Сонгоол, Ноён уул зэрэг
томоохон уул нуруудтай. Аймгийн баруун хэсэг Баруунбүрэн, Сант сумдын нутагт
Бүрэнгийн нуруу орших бөгөөд үнэмлэхүй өндөр нь 1986 метр, шовх оройгүй,
тэгшивтэр гадарга бүхий хавтгай орой, хяртай, гадарга нь нэлээд хэрчигдсэн, уул
нурууд нь ихэвчлэн гүний хагарлуудын чиглэл дагуу тогтсон байдаг. Та
Баруунбүрэн сумын нутаг, Бүрэнхаан уул болоод, Ивэн голын хөндийг үзэх
боломжтой.
"БӨӨРӨНХИЙ
САЙР"
Орхон аймгийн
Жаргалант сумын төвөөс зүүн урагш 8км зайд Намаржаагийн гозгор хэмээх
толгойгоос баруун урагш 2-3 км газарт жалганы аманд байдаг бөөрөнхий чулуу юм.
Нутгийнхан “Бөөрөнхий сайр” гэх ба цайвар шаргалдуу өнгөтэй, 3.8м өндөр, 5м урт
өндөг шиг хэлбэртэй боржин чулуун хад юм. Хоёр талаас нь харахад ямар ч өөгүй
аварга өндөр мэт харагдах байгалийн нэгэн өвөрмөц тогтоцтой сайрыг үзэх
боломжтой.
"ҮНДЭСНИЙ
УРЛАГИЙН ГАЙХАМШИГ"
Байгалийн сайханд
тохь тухтай амралтын газар хоноглон, өглөө эрт нар мандахыг угтан мэлмий,
оюунаа баясаах эгшинд Уртын дуучин, морин хуурч жуулчдад зориулан уртын сайхан
дууг эгшиглүүлэх бөгөөд аялагчид үндэсний урлагийн гайхамшгийг сонордох
боломжтой.
Зөвхөн 30 аялагчдад
зориулагдсан тус эвентэд нэгдсэнээр дээрх боломжуудаас гадна Сэлэнгэ аймагт
орших Хадан агуй, тав тухтай амралтын газар, аяллын замд таарах эрт цагаас хүн
нутаглаж байсны тэмдэг болох хүн чулуу, хиргисүүр, зэрэг түүхийн үнэт
олдворуудыг сонирхох, шинэ хүмүүстэй танилцаж үзэл бодлоо хуваалцах, мэргэжлийн
гэрэл зурагчнаар зургаа татуулах, мэргэжлийн тогоочийн тал хээрийн амтат хоол,
цайг зооглох, зорчих газруудад аяллын багийн ахлах, хөтөч болон Амарбаясгалант
хийдийн хөтөч ламаар тухайн түүхэн дурсгалыг тайлбарлуулах зэрэг үүд хаалга
нээгдэж байгаа юм.
Адал явдалт гайхамшигт аяллыг хүсвэл Ерөнхий зохион байгуулагч Эрт Урьдын Цагт театр 9935-8181 утасны дугаараар холбогдож болох юм байна.