Д.Тунгалаг:Органик хүнс үйлдвэрлэгчдийн тоо 10 дахин нэмэгдсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-10-10 14:17:01

Манай улсын органик хүнс үйлдвэрлэгчдийн тоо 1999 оноос хойш 10 дахин нэмэгдсэн хэмээн албаныхан хэлж байна. Харин дэлхий дахинд мөн онд 200 мянган органик хүнс үйлдвэрлэгч байсан бол эдүгээ  2 сая нэг зуун мянга болтлоо өсчээ.

Өнөөдөр ХХААХҮЯ, Монголын бүтээмжийн төв, Азийн бүтээмжийн байгууллага, НҮБ-ын  ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран “Оролцооны баталгаажуулалт” сэдэвт сургалтыг МҮХАҮТ-д зохион байгуулж байна.

Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд гурав дахь өдөр нь “Органик хүнс хөдөө аж ахуйн үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулна. 

-Сургалтын үеэр ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Органик хүнсний асуудал харилцсан ахлах мэргэжилтэн Д.Тунгалагтай  ярилцсан юм.

- Органик хүнс хэмээн хүн болгон ярьдаг ч ямар орчинд үйлдвэрлэсэн талаар хэрэглэгчид мэддэггүй. Эрүүл хүнс гэдгийг баталгаажуулах эрх зүйн орчин манайд бүрхэг хэвээр байгаа. Өнгөрсөн жил баталсан хууль хэзээнээс биелэлээ олох  вэ?

- Өнгөрсөн жилийн 4 дүгээр сард УИХ-аас Органик хүнсний тухай хуулийг батлан гаргасан. Хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөнө. “Органик хүнс хөдөө аж ахуйн үндэсний анхдугаар чуулган зохион байгуулж буй нь дээрх хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажил юм. Энэхүү хууль хэрэгжснээр хэрэглэгч органик гэсэн шошготой бүтээгдэхүүн авахад эрүүл гэдэг  баталгаатай болно гэсэн үг.

-Манайхан гэртээ үйлдвэрлээд түүнийгээ органик  бүтээгдэхүүн гээд нэрлэчихдэг. Ямар ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн худалдаанд гарч байна хэмээн хэрэглэгчид шүүмжилдэг. Энэ тухайд?

-Органик хүнсний асуудлыг зохицуулсан шинэ хуулинд 200 орчим хуудас бичиг баримт бий. Органик хүнсэд тавих техникийн шаардлага өндөр бөгөөд үйлдвэрлэлийн болон байгаль орчинд үзүүлж буй нөлөө, хэрэглэгчдийн эрүүл мэндийг дэмжсэн эсэхийг харгалздагаараа онцлогтой. Дээрх хууль хэрэгжсэнээр жинхэнэ органик хүнс хөрсөнд бууна. Өөрөөр хэлбэл Мэргэжлийн хяналтын байгууллагууд үүнд хяналт тавьж шүүлтүүр хийх учраас хуурамч бүтээгдэхүүний асуудал цэгцэрнэ.

-Органик хүнс үйлдвэрлэгчдийн тоо 10 дахин нэмэгдлээ гэж байна. Жилд эндээс хичнээн төгрөгийн бараа эргэлт бий болж байна вэ?

-Хэрэглэгчид аль болох органик хүнс хэрэглэхийг чухалчилдаг. Тэр хэрээрээ үйлдвэрлэлийн тоо өсөн нэмэгдэж байна. Жилд 80 тэрбум ам. долларын бараа эргэлт бий  гэсэн тооцоо гарсан.

- Манай улс органик хүнсний үзүүлэлтээр дэлхийн түвшинтэй хэр хөл нийлж байна вэ?

-Дэлхийн улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн 2030 он хүртэлх төлөвлөлтөөр органик хүнсний салбар чухалд тооцогдож байгаа. Тухайлбал АНУ-д органик хүнсний үйлдвэр  жилд 10.8 хувиар өсч, хэрэглэгчид нь 43 тэрбум ам. долларыг эрүүл хүнсэнд зарцуулж буй мэдээ бий.  Өнөөдөр дэлхийн 87 улс органик  хууль тогтоомжийг мөрдөж, 18 улс орон эрхзүйн орчноо бүрдүүлэхээр ажиллаж  байна.  Үүний нэг нь Монгол Улс болж эрхзүйн бичиг баримтаа боловсруулан баталж, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж мөрдөх гэж байна.

 Б.Заяа

 Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ