Сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024
оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлсэн
зургаадугаар сарын 10-ны өдрөөс мөн энэ сарын 16-ны хооронд 5 телевизийн 1430
цаг 51 минутын мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэгт мониторинг хийхэд нийт мэдээ,
мэдээлэл, нэвтрүүлгийн 14 хувийг сонгуультай холбоотой мэдээлэл эзэлж байна.
Энэ талаар “Глоб интернэшнл” төвийн гүйцэтгэх захирал Б.Онон өнөөдөр мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ, “Манай төв “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага. Бид УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж, Сонгуулийн тухай болон СЕХ, Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны хамтран гаргасан журмын хэрэгжилтийг хянан ажиллаж байна” гэв.
Мониторингт МҮОНТ, Монгол ТV, ТV-9, NTV, Eagle news телевиз хамрагджээ. Мониторинг ажиглалт судалгаагаар телевизүүдээр цацсан улс төрийн намуудын мэдээ, мэдээлэл, нэвтрүүлгийг авч үзвэл МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 19 хувийг МАН, 16 хувийг ХҮН эзэлсэн бол АН, ИХН адил тэнцүү 12 хувьтай тэнцэх цаг оногджээ.
Хамрагдсан 5 телевизийн
дүнгээс үзвэл, МАН-ын тухай мэдээлэл дунджаар 31 хувийг эзэлж давамгайлсан
байна. МҮОНТ-ийн мэдээний хөтөлбөрийн талаас илүү буюу 52 хувийг МАН дангаараа
эзэлжээ. Харин ХҮН нам 17 хувийг эзэлж байна. Бие даагчдын талаарх мэдээлэл МҮОНТ
дээр 5 хувьтай гарсан бол бусад телевиз 1 хувиас хэтрээгүй байна. Нийт 5
телевизийн дунджаар төвийг сахисан мэдээлэл 44 хувь байна. Үүнээс:
- МҮОНТ-ийн нам, эвсэл, нэр
дэвшигчтэй холбоотой мэдээллийн 91 хувь нь төвийг сахисан хандлагатай байсан
бол сөрөг мэдээлэл нь 15 хувийг эзэлж байна.
- Арилжааны сувгийн хувьд ТV-9
телевизийн мэдээллийн 86 хувь нь эерэг хандлагатай,
- Монгол ТV телевизийн
мэдээллийн 76 хувь нь төвийг сахисан,
- ТV-9 телевизийн сөрөг өнгө
аястай мэдээлэл 8 хувьтай гарчээ.
Бие даагчдын талаарх мэдээлэл МҮОНТ-ээр 5 хувьтай гарсан бол бусад телевиз 1 хувиас хэтрэхгүй байна.
Телевизүүд сонгуулийн хуульд
заасан 15-60 минут байх цагийн хязгаарлалтыг зөрчсөн тохиолдол илрээгүй, чанд
баримталж байгаа нь мониторингоор харагджээ. Харин далд сурталчилгааны шинж
агуулсан мэдээлэлд МАН 52 хувьтай, АН 12 хувьтай тус бүр байна. Бусад
телевизийн далд сурталчилгаа 6-28 хувийг эзлэж байна.
Энэ удаагийн сонгуулиар телевизүүд
сонгогчдын боловсролд нэлээн анхаарах болсон сайшаалтай байгааг хэллээ. Тодруулбал,
Сонгуулийн тухай хуулийн 46.2 болон 46.17 дахь заалтыг үндэс болгож мэтгэлцээн
явуулах, хараат бус сэтгүүл зүйн бүтээл бэлтгэн нэвтрүүлж байна. Жишээ нь,
МҮОНТ-ийн сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийн тоо өсөж, 56 хувьд хүрсныг
онцлов. Гэхдээ энэ талын мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, мэтгэлцээнийг илүү сайн зохион байгуулж,
боловсронгуй болгох нь мониторингоор харагдлаа гэв.