Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах ажил 50 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Энэ оны наймдугаар сард багтаан сэргээн засварлах ажлыг дуусгахаар төлөвлөжээ.
Чойжин ламын сүм музейг хамгийн сүүлд 1961 онд сэргээн засварлаж олон нийтэд нээлттэй болгож байв. Сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд жижиг хэмжээний сэргээн засварлах ажил хийж байсан ч энэ удаагийнх шиг бүрэн хэмжээний сэргээн засварлалт хийж байгаагүй аж.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй “Чойжин лам сүм музейн сэргээн засвар” барилгын ажлыг гүйцэтгэхээр “Зэндмэн суварга” ХХК шалгарчээ. Тус компани сүм музейн Хаалган сүм, Махранзын сүм болон саравч сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэж байна.
Монгол Улсын Засгийн газраас Монголын түүх соёл, өв уламжлалд тодорхой байр суурь эзэлдэг дурсгалуудаа тогтвортой хамгаалж, сэргээн засварлан хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилтыг тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Соёлын сайд Ч.Номин Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах ажлын үйл явцтай танилцав.
Cүмийн барилгын цогцолборыг Төрийн Чойжин Лувсанхайдавын
шашин номын үйлд зориулан 1904-1908 оны хооронд Их хүрээний нэрт уран барилгач
Омбо тэргүүтэй 300 гаруй эрдэм билигт урчууд бүтээн байгуулжээ.
Музей нь Махранз сүм, Гол ба Занхан сүм, Зуугийн сүм, Ядам
сүм, Хотол чуулган тус Энх-Амгалангийн тив сүм нийт 5 сүм, хүндэтгэлийн 5
хаалга бүхий Монголын түүх, шашин, соёлын өвийн цогцолбор юм.
Музейн сан хөмрөгт монгол орны түүх, соёлын өв, шашны уламжлал зан заншлыг илэрхийлсэн 6000 гаруй үзмэр хадгалагддаг. Үүнээс 77 үзмэр нь “Монгол Улсын түүх, соёл хосгүй үнэт дурсгал”-ын жагсаалтад багтдаг.