Аяллын зорилгоо тодорхойлж чадаагүй 22 улсын 593 гадаадын иргэнийг буцаажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улс аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж, манай улсыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа.
Үүнийг дагаад Монгол Улсад жуулчлах зорилгоор цахим виз авсан болон визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улсын иргэд нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэрэг хууль тогтоомж зөрчсөн зөрчил нэмэгдэж, хил дээрээс буцаагдсан иргэдийн тоо ч өсчээ.
2024 оны эхний таван сарын байдлаар ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн 22 улсын 593 гадаадын иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаасан байна. Сүүлийн хоёр сарын байдлаар хил дээрээс буцаагдсан иргэдийн дунд Хятадын 246, Солонгосын 86 иргэн байгаа юм.
Мөн хяналт
шалгалтаар Монгол Улсад улсад аяллын визээр орж ирээд хөдөлмөр эрхэлсэн, ирсэн
зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон
зургаан орны 116 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон
албадан гаргасан байна.