БАЯНХОНГОР: Гурван хоршоо хөрөнгө оруулалтын зээлийн батламжаа авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо" хөдөлгөөн Баянхонгор аймагт амжилттай өрнөж, зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай хөрөнгө оруулалтын зээлийг олгож эхэллээ.
Хөдөлгөөний хүрээнд тус аймгийн хэмжээнд есөн суманд 24 хоршоо шинээр байгуулан, хоршооны оноосон 85 нэрийг олгоод байна. Тэдгээрээс гурван хоршоо энэ сарын 27-ны өдөр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан болон "Шинэ хоршоо" хөдөлгөөний бүс хариуцсан багийн ахлагч нараас батламжаа авлаа. Тус хоршооныхон Төрийн банкаар дамжуулан хөрөнгө оруулалтын зээлд хамрагдах нөхцөлийг хангажээ.
Тодруулбал, Баян-Овоо сумын “Дүүрэн баялаг мандал хайрхан”, Жинст сумын “Халзан арлын булаг” хоршоо, Бөмбөгөр сумын “Ган мөнх бөх хоршоо" тэжээлийн ургамал тарих, мал өсгөх, хашаа хороогоо сайжруулахаар 250 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд /таван жилийн хугацаатай/ хамрагдаж, тус тусын төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.