Шилдэг хамтлагаар Нэгдүгээр сургууль 10 дахь удаагаа шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-08 10:34:50

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дэргэдэх Нийгмийн хөгжлийн хэлтэс нийслэлийн Соёл, урлагийн газартай хамтран Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д. Лувсаншарав агсны нэрэмжит дүүргийн “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах анхан шатны шалгаруулалт Монголын Хүүхдийн ордонд болж, шилдгүүдээ тодрууллаа.

23 дахь удаагаа болж буй энэхүү уралдаант наадамд дүүргийн ЕБС-ийн арван сургууль заавал дуулах дуу, өөрийн урын санд шинээр орсон дан найрал дуу, хөгжимтэй найрал дуугаар оролцов. Уралдаанд оролцогч хамтлагуудын заавал дуулах дуу нь 2014 онд зохиогдсон “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээлийн уралдаан”-д II байранд шалгарсан У.Мөнхжаргалын хөгжим “Би зугаалж явна” дан найрал дуу байв. Харин өөрийн сонголтоор дуулах хоёр дууны нэг нь дэлхий нийтээр олны хүртээл болсон хүүхдийн хоолойд таарсан хөгжимтэй бүтээл байна гэсэн шаардлагыг зохион байгуулагчдын зүгээс тавьжээ.

Жилээс жилд энэхүү уралдаанд орох сургуулиудын тоо нэмэгдэж, багш нарын ур чадвар өсөн урын сан нь баяжиж байгааг тэмцээний шүүгчид хэлж байв.

Дүүргийн найрал дууны шилдэг хамтлагаар I сургууль арав дахь удаагаа шалгарсан бол удаах байрыг Монгол-Оросын хамтарсан III, 58 дугаар сургууль тус тус эзлэв. Харин шилдэг удирдаачаар Монгол-Оросын хамтарсан III сургуулийн багш Л.И Хальбаева, шилдэг найруулгаар I сургуулийн багш П. Мөнгөнтулга нар шалгарлаа. Ийнхүү дүүрэгтээ эхний гурван байрт шалгарсан эдгээр сургуулиуд энэ сарын 16-нд болох II шатны шалгаруултад орох эрхтэй боллоо.

Дашрамд дурдахад, дүүргүүдээс II шатны шалгаруулалтад амжилттай оролцсон сургуулиудын найрал дууны хамтлагийн нэгдсэн тоглолт нийслэлийн өдөр буюу аравдугаар сарын 29-нд болно.

Ж.Болор

Холбоотой мэдээ