Энэ оны эхний улиралд барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 1.2 их наяд төгрөгт хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар,
2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол улс жилийн дөрвөн улиралтай,
энэ нь зарим нэг салбарт хүндрэл учруулдаг сул талтай. Ийм салбарт барилга зүй
ёсоор орно. Барилгын салбарт ажил эрчимтэй үргэлжлэх хугацаа жилийн 12 сарын 7
сар нь байна. Харин үлдсэн 5 сар нь сул зогсох нөхцөлтэй. Гэхдээ энэ орон зайг
нөхөх техник технологийн боломж бий. Жишээ нь, барилгын гол бүтээгдэхүүн зуурмагийг
хөлдөөхгүй байх бодис ашиглах гэх мэт олон янзын боломж шийдэл байдаг гэнэ.
Эдгээр боломж нь барилгын өөрийн өртгийг өсгөх жишээтэй.
Манай улсын барилга
угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2024 оны эхний улиралд 1.2 их наяд төгрөгт
хүрчээ. Түүний 1.2 их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 33.9
тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн гэж Үндэсний статистикийн
хороо /ҮСХ/ мэдээлэв
Энэ оны эхний
улирлын дээрх гүйцэтгэл нь 2023 оны мөн үеэс 278.2 тэрбум төгрөгөөр өссөн
үзүүлэлт гэнэ. Ийм өсөлт гарахад дотоодын байгууллагын гүйцэтгэсэн барилга
угсралт, их засварын ажил 255.2 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Барилга угсралт, их засварын ажлын энэ оны эхний улиралд:
- 44.4 хувийг
орон сууцны барилга,
- 39.6 хувийг
орон сууцны бус барилга,
- 14.8 хувийг
инженерийн барилга, байгууламж,
- 1.2 хувийг их
засварын ажил,
Харин
инженерийн барилга, байгууламжийн ажлын эзлэх хувь 10.3 нэгж хувиар, орон
сууцны бус барилгынх 1.0 нэгж хувиар 2023 оны мөн үеийнхээс өссөн байна.
Улаанбаатар
хотод 2024 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 683.4 тэрбум төгрөгийн
барилга угсралт, их засварын ажил хийгдсэн нь улсын дүнд 59.3 хувийг эзэлжээ.
Дотоодын
барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажлын
гүйцэтгэлийг аймгаар авч үзэхэд:
- Өмнөговь 296.3
тэрбум төгрөг,
- Дархан-Уул 31.9
тэрбум төгрөг ,
- Орхон
18.2тэрбум төгрөг,
Эдгээр
аймгийн барилга угсралт, их засварын ажлын дүнд 73.7хувийг эзэлсэн. Өмнөговь
аймгийн нутаг дэвсгэрт Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, төмөр зам
болон авто замын ажлууд өрнөжээ. Дархан-Уул аймагт зам засвар өргөтгөл,
орон сууцны барилгын ажлууд нэрлэгдсэн байх жишээтэй. Орхон аймагт Эрдэнэт
үйлдвэрийн барилгын өргөтгөлийн ажил, орон сууцны барилгын ажлууд эрчимтэй
явагдсан байна
Барилгын
өртгийн ерөнхий индекс (2015=100) 2024 оны 1 дүгээр улиралд 251.0 болж,
барилгын өртөг 2023 оны мөн үеэс 2.3 хувь өссөн.
Орон сууцны
барилгын өртгийн индекс (2015=100) 2024 оны 1 дүгээр улиралд 299.7 болж, өртөг
нь 2023 оны мөн үеэс 1.0 хувь, өмнөх буюу 2023 оны 4 дүгээр улирлаас 3.0 хувиар
өссөн байна .
Мөн орон сууцны барилгын өртөг өмнөх улирлаас 3.0 хувиар өсөхөд материалын өртөг 3.9 хувь,
цалингийн зардал 4.5 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Барилгын
өртгийн индекс: Барилга, байгууламжийг барьж байгуулахад зарцуулж буй барилгын
материал, машин, механизм, цалингийн үнийн өөрчлөлтийг илэрхийлнэ.
Барилгын төрөл:
Барилгын төрлийг орон сууцны барилга, орон сууцны бус барилга, инженерийн
барилга, байгууламж гэж хуваана.
Тооцох арга
зүй: Барилгын материал, цалин, машин, механизмын жинг тооцон, сонгогдсон
барилгын материалын үнэ, машин, механизмын тариф, цалинг цуглуулж, тус бүрийн
индексийг тооцно. Индексийг тооцохдоо Ласпейрсийн үнийн индексийн томьёог
ашиглана гэж ҮСХ тайлбарлажээ.