АНУ, Хятадын төлөөлөгчид хиймэл оюун ухааны талаар хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-04-27 13:10:32

ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 27 /CNBC/. АНУ, Хятад улсууд хиймэл оюун ухааны талаарх өндөр түвшний анхны хэлэлцээг "ойрын долоо хоногт" хийнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен баасан гарагт мэдэгджээ. 


Э.Блинкений хэлснээр, талууд шинэ технологитой холбоотой эрсдэл, аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэхийн тулд хиймэл оюун ухааны асуудлаарх Америк, Хятадын засгийн газар хоорондын анхны яриа хэлэлцээг хийхээр тохиролцсон байна.


"Хиймэл оюун ухааны талаарх АНУ, БНХАУ-ын анхны хэлэлцээг ойрын долоо хоногт хийхээр тохиролцож, түүнтэй холбоотой эрсдэл, аюулгүй байдлын асуудал, тэдгээрийг хэрхэн зохицуулах талаар санал бодлоо солилцохоор тохиролцсон" гэж тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. 


АНУ-ын талын зүгээс Хятадын өндөр технологитой холбоотой хязгаарлалтуудыг тогтоогоод байгаа бөгөөд Хятадын "Байтденс" компанийг "ТикТок" нийгмийн сүлжээгээ зарахгүй бол уг сүлжээг хориглоход ойртоод байгаа юм. Харин хэвлэлийн бага хурлын үеэр Э.Блинкен хэлэхдээ, хэлэлцээний үеэр "ТикТок"-той холбоотой асуудлыг хөндөөгүй гэв.


Хятадын Гадаад хэргийн яам хиймэл оюун ухааны талаар яриа хэлэлцээ хийхээр тохиролцсоныг баасан гарагт батлан мэдэгдсэн байна. Түүнчлэн АНУ-Хятадын харилцааг тогтворжуулж, хөгжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэх, "олон улс болон бүс нутагт тулгамдаж буй асуудлаарх" зөвлөлдөх уулзалтыг үргэлжлүүлэх талаар зөвшилцөлд хүрсэн гэж уг мэдэгдэлд дурджээ. 


Холбоотой мэдээ