Сирийг террористуудаас чөлөөлөх нь Туркийн зорилго гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-05 13:37:15

АНКАРА. /Anadolu/. Сирид явуулж байгаа манай цэргийн ажиллагаа нь Сирийг террористуудаас ангижруулах зорилготой гэж Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ибрахим Калин мэдэгдэв.

Сирийн Ракка хотыг “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлөх ажиллагаанд Турк дэмжлэг үзүүлсэн гэж тэрбээр “Haber Turk” телевизэд ярилцлага өгөхдөө дурдаад, гэсэн хэдий ч Турк улс Курдын хөдөлмөрийн нам /PKK/ болон түүний цэргийн жигүүр болох YPG-тэй хамтран ажиллах боломжгүйг онцоллоо.

"Олон улсын эвсэлтэй хамтран ажиллахад татгалзаад байх зүйлгүй. Харин америкчууд энэ ажиллагааг YPG-тэй хамтран явуулна гэсэн байр суурьтай байх шиг байна. YPG энэ ажиллагаанд оролцвол бид оролцох боломжгүй" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр Палестины асуудалтай холбогдуулан "Турк улс Израильтай харилцаагаа сайжруулахаар ажиллаж байгаагийн зэрэгцээ Палестинд дэмжлэг үзүүлж байна. Хамгийн сүүлд гэхэд манай Засгийн газар Газын зурвасын гэрэл цахилгааны асуудлыг шийдэхэд туслах зорилгоор Эрчим хүчний яамны төлөөлөгчдөө илгээсэн" гэж мэдэгдээд, Палестин бие даасан улс болохыг Турк урьдын адил дэмжиж байгааг онцлон тэмдэглэлээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ