Ангарагийн чулуулгийг авчрах хямд төсөр арга замыг НАСА эрэлхийлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2024-04-16 17:20:46

ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /VOA/. “Персеверанс” аппаратын цуглуулж буй чулуулгийг  төлөвлөснөөс илүү хурдан бөгөөд хамгийн бага өртгөөр Дэлхийд авчрах санааг дэвшүүлэхийг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /НАСА/ даваа гарагт уриалжээ.


Тус агентлаг нийт ажилтнуудаасаа, санал санаачилга гаргаж чадах хүн бүрээс тусламж хүссэн байна. Ангараг гаргийн чулуулгийн дээжийг авчрах нь хэт их зардалтай /11 тэрбум ам.доллар/ бөгөөд хөөргөх огноог нь хэвээр үлдээх магадлал “маш бага” гэдгийг өнгөрсөн онд хөндлөнгийн хяналтын зөвлөлөөс явуулсан судалгааны явцад тогтоожээ.


НАСА-гийн хөтөлбөрийн хүрээнд чулуулгийн дээжийг 2040 он гэхэд Дэлхийд авчрах төлөвтэй байгаа бол Ангараг гараг руу илгээх Хятадын аппарат 2030 онд чулуулгийг авчирч магадгүй гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэлүүд мэдээлж байна.


НАСА одоо “ер бусын боломжуудыг” эрэлхийлсээр байна гэж тус агентлагийн шинжлэх ухааны хөтөлбөр хариуцсан захирал Никола Фокс даваа гарагт мэдэгджээ. “Бид чулуулгийн дээжийг шүүрэн авч, аль болох богино хугацаанд энд авчрахыг хүсэж байна. Энэ чулуулаг нь Ангараг гаргийн үүсэл хувьсал, манай Нарны аймаг, дэлхий дээрх амьдралын талаар нэн чухал шинэ ойлголтыг өгч чадна гэж Н.Фокс хэллээ.


НАСА-гийн одоогийн төлөвлөгөөний хувьд Ангараг руу аялах, дээж цуглуулах, сансарт дахин хөөрөх, Дэлхийд буухаас өмнө дээжийг өөр хэрэгсэлд хадгалах зэрэгт хэд хэдэн тээврийн хэрэгсэл шаардлагатай байгаа учраас нарийн төвөгтэйд тооцогдож байна.


Өмнө нь НАСА-гийн Ангараг гаргийг судлах хөтөлбөрийг ахалж байсан Стэнфордын профессор Г.Скотт Хаббард Вашингтон Пост сонинд ярилцлага өгөх үеэрээ, НАСА-д шидэт дохиур мэт шийдэл хэрэгтэй байна хэмээн ярьж байжээ.

Холбоотой мэдээ