ДОРНОГОВЬ: Тариаланчид хоршиж ажиллах, ургацын нэр төрлийг олшруулах зэрэг сэдвээр зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-16 10:53:18

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ХХААГ-аас хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн газар тариалан эрхлэгчдийн сургалт зөвлөгөөнийг “Хөгжлийн шийдэл” ТББ-ын “BEST” хөтөлбөртэй хамтран дөрөвдүгээр сарын 15-нд зохион байгууллаа.


Сургалт, зөвлөгөөнд 14 сумын 80 гаруй тариаланч, төрийн байгууллагын төлөөлөл оролцож газар тариалангийн салбарын хөгжлийн чиг хандлага, анхаарах асуудал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцсон байна.


Дорноговийн тариаланчид  өнгөрсөн онд  21.8 га -д, хүнсний ногоо 81.9 га -д, жимс, жимсгэнэ 9,6 га -д, малын тэжээлийн ургамал 56,1 га-д нийт 169,4 100 га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оныхоос талбайн хэмжээ 35,4 га талбайгаар нэмэгдсэн байна.




Тиймээс энэ жил газар тариалангийн талбайг нэмэгдүүлж, хүнсний ногоо хадгалах зоорь ашиглалтад оруулах, хүлэмжийн аж ахуйн тариалалтыг сайжруулах зэрэг томоохон зорилт тавьжээ. Өнгөрсөн онд ашиглалтад оруулсан жимс, жимсгэнийн суулгац, үржүүлгийн төвд арваад төрлийн жимсний мод суулгаж  энэ төрлийн тариалалтыг нэмэгдүүлж, сургалт зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөжээ.


Газар тариалангийн салбарт төр, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүч хөдөлмөрөөрөө хоршин ажиллах, ургацын нэр төрлийг олшруулах, нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, малын тэжээлийн ургамал тариалахад хамтран ажиллах талаар ярилцсан байна.

Холбоотой мэдээ