Малчид ундны усны эх үүсвэрээ бус малаа бодож худаг гаргадаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-04-11 18:10:33

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас энэ жил “Цэнхэр тууз аян”-ыг зарлан явуулж байна. Тус аяныг жил бүрийн 3 дугаар сарын 22-нд болдог Дэлхийн усны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа юм.


“Цэнхэр тууз” аяны хүрээнд бид малчдын усны хэрэглээний асуудлыг хөндөж байна. Усыг хайрлаж, хамгаалж хэмнэх нь иргэн хүнээс ихээхэн хамаардаг. Ундны усны гол хэрэглэгчид нь иргэд бөгөөд хот, суурин газарт орон сууцны оршин суугч, гэр хороолол, зуслангийн иргэд, харин хөдөө орон нутагт малчид орно.

Малчид усаа малтайгаа хамт хэрэглэж буй дүр зургийг хөдөөгийн хаана ч харж болно. Говь, тал хээрийн бүсэд усны эх үүсвэр дутмаг, тэр хэрээр худаг цөөн. Хаа нэг тааралдах худаг дээрээ малчид малтайгаа багширч харагддаг.


Сүүлийн жилүүдэд хөдөө, айл бүрийн хаяанд япон, солонгос, хятадын бага оврын мотор цахилгаан үүсгэвэр их харагдах болсон. Хавар, өвөл малчид эвдэрсэн эвдрээгүй, ажилладаг, ажилладаггүй нь мэдэгдэхгүй нөгөө моторуудаа чирээд худгаа барааддаг. Худаг дээрээ мотороо асаагаад хүн, малгүй шавна. Худгийн усаа соруулж дээшлүүлж буй нь тэр юм.


Мянгат малчдыг усны эх үүсвэр бий болгосноор шалгаруулж байх санал гаргаж байна.



Дээрх дүр зургийг говь, хээрийн бүсэд ч харж болно. Төд удалгүй нөгөө дээшлүүлсэн жаахан ус нь шавхагдсанаар мал услах ажил шувтардаг. Малчид өнөөдөр ийм байдлаар усаа ашиглаж байгаа нь түгээмэл үзэгдэл. Тэгвэл энэ байдлыг хэрхэн өөрчилж, халах вэ? Олон боломж байгааг Усны газрын дарга З.Батбаяр хэлж байна. Үүнд:

  • Юуны өмнө худгаа хашиж, мал услах худгийн онгоцоо малын хөлөөс тусад нь байрлуулж хамгаалах,
  • Худгаа лайдаж цэвэрлэх,
  • Малаа усны эх үүсвэр буюу худгаасаа тодорхой зайнд услах,
  • Ундны усны эх үүсвэрээ ялгаж салгах,
  • Мөн ундны усаа шүүж хэрэглэх,
  • Ундны усны худгийг тусад нь байлгах.
  • Хөдөө, орон нутагт усан байгуулах гэсэн саналуудыг хэлж байна.

Усан сан байгуулахдаа судалгаа, мэдээлэл, шинжилгээнд тулгуурлан, чанарын шаардлага хангасан байдлаар байгуулах. Энд орон нутгийн засаг, захиргаанаасаа эхлээд олон нийтийн байгууллага, хүн бүр анхаарч, энэ ажилд орон нутгийн төсвийн тодорхой хэсгийг зарцуулах нь зүйтэй байна гэжээ.

Ингэснээр хөдөө, орон нутагт усны найдвартай эх үүсвэртэй болж, түүнийгээ хамгаалж чадна. Мянгат малчинг шалгаруулахад:

  • Усны эх үүсвэр бий болгосон,
  • Бэлчээрийн усан хангамж,
  • Малчдын ундны усыг сайжруулсан байдлыг харгалзан үздэг байх саналыг ч гаргаж байна.

Худаг, усаа хашин хамгаалснаар усны нөөц нэмэгдэнэ. Ингэж чадвал унаган байгаль, ус өөрөө дороо сэргэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.


Малчид малын тоонд бус малаа услах усны эх үүсвэртээ анхаарах цаг болжээ.


Малчид малаа бодож худаг гаргадаг. Харин өөрсдийн уудаг ундны ус хэмээн эрүүл мэнд талаасаа усны эх үүсвэрээ гаргадаггүй гэсэн гашуун үгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Малаасаа дор боддог энэхүү үнэлэмжийг халж, малаасаа гадна хүн өөрөө уудаг гэдгийг ойлгож, эрүүл мэндээ бодож, сэтгэхүйгээ өөрчилснөөр өөр байдал шилжинэ.


Уснаас шалтгаалах өвчлөл хот суурин газраас илүү хөдөө, орон нутгийн иргэдэд их байгааг УСУГ-ын Инженерийн хэлтсийн дарга Н.Одхүү хэлж байв. Төвлөрсөн усан хангамжтай холбоотойгоор уснаас шалтгаалсан өвчлөл болон нян үүсэж буй байдал хот, суурин газар байхгүй. Харин хөдөө, орон нутагт устай холбоотой зүйл гардаг нь тухайн нутгийн хөрс, устай холбоотой хатуулаг болон төмөр, фтор ихтэй байдаг, ялангуяа гүний худгаараа мал, хүн хоёр зэрэгцэн усалдагтай холбоотойг хэлж байлаа.  


Малчдад бороо, цасны болон шар усны үерийн усыг хөв, цөөрөм байгуулж бэлчээрт ашиглах боломж их байна.



Малчид усаа хайрлан хамгаалж, зөв бөгөөд зохистой хэрэглэх нь худгийн уснаас эхэлнэ гэдгийг Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Сувдмаа хэлж байлаа. Хөдөө, орон нутагт малчид усыг малаа услах болон ундны усаа авах гэсэн хоёр байдлаар ашигладаг. Тиймээс өнөөдөр малчид бэлчээрээ яаж ашиглах вэ гэдэг шигээ худгаа хашин хамгаалах хэрэгтэй байгааг тэрбээр онцлон хэлсэн юм.


Говь-Алтай аймгийн хэмжээнд усны хатуулгийн мэдээллийг цуглуулж шинжилж, цэвэршүүлэх төхрөөмж суурилан ажиллаж байна. Малчдын ундны ус хамгийн чанаргүйд ордог. Учир нь малын хөлд ялангуяа зуны улиралд хамгийн чанаргүй ус хэрэглэдэг байна. Худгийн усыг малчид малтайгаа хамт хэрэглэсээр байна.

Холбоотой мэдээ