Дэлхийн худалдаа энэ онд өсөх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-04-11 10:40:26

ЖЕНЕВ, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /Anadolu/. Өнгөрсөн онд эрчим хүчний өндөр үнэ, инфляцын улмаас дэлхийн бараа таваарын худалдаа урьдчилан таамаглаж байснаас огцом буурсан бол энэ онд эргэн өсөх төлөвтэй байгаа тухай Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/ лхагва гарагт мэдээлжээ.  


Дэлхийн худалдааны хэмжээ өнгөрсөн онд 1.2 хувиар буурсантай харьцуулахад 2024 онд 2.6 хувиар, 2025 онд 3.3 хувиар өснө гэж ДХБ-ын Дэлхийн худалдааны хэтийн төлөв, статистикийн тайланд дурдсан байна.


Гэсэн хэдий ч хүнс, эрчим хүчний үнийг өсөхөд нөлөөлж буй бүс нутгийн зөрчил, геополитикийн хурцадмал байдал, эдийн засгийн бодлогын тодорхойгүй байдал зэрэг нь урьдчилсан таамаглалыг бууруулж болзошгүй байгааг анхааруулжээ.


Африкийн экспорт энэ онд бусад бүс нутгаас илүү хурдацтай буюу 5.3 хувиар өсөх төлөвтэй байгаа хэдий ч энэ нь бага сууриас өсөх юм.


ДХБ-ын тооцоолсноор, дэлхийн ДНБ-ий өсөлт 2022 онд 3.1 хувиас 2023 онд 2.7 хувь болж буурсан бол 2024 онд 2.6 хувь, 2025 онд 2.7 хувьд тогтвортой байх төлөвтэй байна.


Мөн 2024, 2025 онд инфляц аажмаар буурч, өндөр хөгжилтэй орнуудын бодит орлого дахин өсөж, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж тайланд бичжээ.

Холбоотой мэдээ