АНУ Сирийн асуудлаар ОХУ-тай хэлэлцээ хийхээ зогсоов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-10-04 10:37:25

ВАШИНГТОН. /Reuters/. Сирид гал зогсоох тохиролцоог сэргээх асуудлаар ОХУ-тай хэлэлцээ хийхээс АНУ түдгэлзэж байна гэж Төрийн Департамент мэдэгдлээ. Сирийн Алеппо хотод цэргийн ажиллагаа явуулахад Москва оролцож байна гэж Вашингтон үзэж байгаа юм.

АНУ-ОХУ-ын зуучлалтайгаар байгуулсан Сирид гал зогсоох хэлэлцээр өнгөрсөн сараас хэрэгжиж эхэлсэн боловч ердөө долоо хоногийн дараа байлдааны ажиллагаа дахин эрчимжиж эхэлсэн юм.

АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Элизабет Трюдо даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Оросын тал өөрийн хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхгүй байна” гэв.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “ОХУ болон Сирийн Засгийн газар цэргийн ажиллагаа явуулж байгаа нь гал зогсоох хэлэлцээртэй харшилдаж байна. Энгийн номхон иргэд амьдардаг бүсүүд болон эмнэлгүүдийг онилон ажиллагаа явуулж байна” гэлээ.

Харин АНУ-ын энэ мэдэгдлийн хариуд ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэхдээ “АНУ бурууг өөрөөсөө зайлуулан бусдад тохохыг оролдож байна” гэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар утсаар удаа дараа ярилцжээ.

Байлдааны ажиллагаа эрчимжиж, хэлэлцээ тасалдаж байгаа нь Сирид дэгдсэн иргэний дайныг зогсоож, энх тайван байдлыг тогтоох гэсэн итгэл найдвар улам бүдгэрч байна гэсэн үг гэж ажиглагчид хэллээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ