ДАРХАН-УУЛ: Улсын аваргууд ирэх бямба гарагт тодорно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-01 21:12:37

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Залуучуудын улсын аварга шалгаруулах боксын тэмцээн өчигдөр Дархан хотод эхэллээ. Долоо хоног үргэлжлэх уг тэмцээний аваргууд ирэх бямба гарагт тодорно. 




Монголын боксын спортын ууган гавьяат тамирчин, Ардын багш Хайдавын Алтанхуягийн нэрэмжит уг тэмцээнийг Дархан-Уул аймгийн биеийн тамир спортын газрын 60 жилийн ойн хүрээнд аймгийн ЗДТГ, Монголын боксын холбоо, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулж байна.


Тэмцээнд хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын клубүүдийн 30 багийн 280 тамирчин 23 жинд өрсөлдөж байна.




Хайдавын Алтанхуяг нь Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул, Монголын боксын спортын анхны гавьяат тамирчин, Ардын багш юм. Монгол Улсын арван удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, олон улсын тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг өндөрт өргөж байсан төдийгүй 1972 оны Мюнхен, 1976 оны Монреалийн олимпод оролцож байжээ.

Түүнчлэн 1988 оны Сөүлийн олимпод түүний дасгалжуулсан тамирчин Нэргүйн Энхбат эх орондоо цор ганц медаль авчирч байжээ. 

Түүнийг 1971 онд Азийн аваргаас алтан медаль хүртсэнээс 40 жилийн дараа шавь, Монголын олимпын боксын холбооны дэд ерөнхийлөгч, ОУХМ Ц.Цэрэнням багшийнхаа нэрэмжит тэмцээнийг зохион байгуулах санаа гаргаж, амжилттай зохион байгуулжээ.


Холбоотой мэдээ