СҮХБААТАР: ХСҮТ-ийн баг орон нутгийн эмч нартай хамтран хавдрын мэс засал хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-03-25 13:56:42

Баруун-Урт, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч, хүний гавьяат эмч Э.Амарсанаагаар ахлуулсан баг өнгөрсөн өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллалаа. Тус багийнхан орон нутгийн эмч нартай хамтран есөн эмэгтэйд хагалгаа хийв.

 

ХСҮТ-ийн эмч нарын баг эмэгтэйчүүдэд хавдрын мэс засал хийж, эмч нарыг ажлын байранд нь дадлагажуулжээ. Өөрөөр хэлбэл, мэс заслаас гадна эмч нарт “Эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын орчин үеийн чиг хандлага” сэдвийн хүрээнд сургалт явуулсан байна.  

 

Орон нутгийн 30 орчим эмэгтэйг хавдрын эрт илрүүлгийн үзлэгт хамруулж, есөн эмэгтэйд хагалгаа хийлээ. Өндгөвчний дурангийн хагалгаа нэг,  умайн хүзүү тайрах мэс засал хоёр, умайн хоргүй хавдар оношоор умайг бүхэлд нь авах зургаан мэс заслыг амжилттай хийлээ. Нэг хагалгааг орон нутагт анх удаа дурангийн мэс заслын аргаар хийсэн. Ингэснээр цаашид эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааг нутагшуулах эхлэл тавигдлаа гэж ойлгож болно. Одоогоор Сүхбаатар аймагт эх барих эмэгтэйчүүдийн арван эмч ажиллаж байна. Эдгээр эмч нарыг ажлын байран дээр нь дадлагажуулж, сургах ажлыг онол-практик хосолсон хэлбэрээр явуулсныг багийн ахлагч Э.Амарсанаа танилцууллаа.

 

Сүхбаатар аймгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн дунд үрэвсэлт өвчин, бэлгийн замаар дамжих халдварын эрсдэлүүд, хавдар гэсэн гурван өвчлөл зонхилон тохиолдож байна.

 

Бид орон нутагтаа эмэгтэйчүүдийн хоргүй хавдрын эмчилгээ, хагалгааг хийдэг. Хортой хавдрын хожуу тохиолдлыг гурав, дөрөвдүгээр шатлалын эмнэлэгт явуулдаг. Гэхдээ бид хавдрын хагалгаанд орсон эмэгтэйчүүдээс авсан эд, эсийг шинжилж хортой, хоргүй эсэхийг орон нутагтаа тодорхойлдог. Мөн Улаанбаатарт хагалгаанд ороод ирсэн өвчтөний химийн эмчилгээг ч хийдэг болсноороо давуу талтай. Тиймээс цаашид үүндээ тулгууран энэ удаагийн хийсэн хагалгаануудыг орон нутагт бие даан хийдэг болох, үүний тулд эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах шаардлагатай. Тиймээс энэ дадлага, сургалт цаг үеэ олсон ажил байлаа хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Б.Эрдэнэтуяа хэллээ.

 

ХСҮТ-өөс ирсэн багт тус эмнэлгийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч Э.Амарсанаа, их эмч Г.Лхагвадорж, эмч Г.Ням-Од нар багтсан бөгөөд хоёр хоногийн хугацаатай ажиллалаа.

 

Холбоотой мэдээ