СЭЛЭНГЭ: “Хүрэн халзан” морины хөшөө дахин давтагдаагүй гэдгээрээ онцлог юм

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2024-03-22 11:41:04

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сум түүхт 100 жилийн ойн хүрээндээ “Түүх бүтээсэн нэгэн зуун” сэдэвт танилцуулгыг хийж байна. Энэ удаа хөшөө дурсгал цувралынхаа салхийг “Хүрэн халзан” морины хөшөөгөөр эхэлжээ.  

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвд АДБ-ийн "Мөнгөн хараа" чуулгын байрны өмнө урагш харж зогссон байрлал бүхий энэ хөшөөг Монгол Улсын манлай уяач Д.Ганбаатарын улсын “Дархан түмэн эх”, “Төрийн их хүлэг” Зээрд халзан морины дурсгалд зориулан босгожээ.

 

Энэхүү хөшөөг 0.9 тн орчим цэвэр хүрлээр суурь хийж, тоосго, бетон материал цутгажээ.

 

Монголд баригдсан морины хөшөөнүүдээс ялгарах онцлог нь уран сайхны бус байдлаар, яг мориныхоо хийц, ясны бүтцийг бодитоор нь урлаж хийсэнд байгаа аж. Одоогоор ийм хөшөөг давтан босгоогүй байна.

 

2013 оны 8 дугаар сарын 4-нд Спирт бал бурам” ХК-ийн гүйцэтгэх захирал, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, аймгийн алдарт уяач Б.Баярхүүгийн санаачилгаар Төв аймгийн Зуунмод сумын “Зэндмэнэ суварга” ХХК энэхүү хөшөөг босгожээ.

 

Хүрэн халзан морь нь 1997 онд АХ-ын 76 жилийн ойн баяр наадмын түрүү, 1999 онд АХ-ын 78 жилийн ойн баяр наадмын түрүү, 2000 онд АХ-ын 79 жилийн ойн баяр наадмын түрүү, 2000 оны “Тамирын хурд” бүсийн наадмын түрүү, 2001 онд АХ-ын 80 жилийн ойн баяр наадмын айргийн гурав, Шигшмэл морьдын “Их хурд-1” уралдаанд 14, “Их хурд-2” уралдаанд 7-д хурдалжээ.

 

Ингэж олон жил амжилттай уралдаж, тогтмол үзүүлсэн амжилт нь түүнийг энэ цагийн эгэлгүй хурдан хүлгүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог байна. 

Холбоотой мэдээ