Эмэгтэй хөл бөмбөгчдөд зориулсан анхны цэнгэлдэх хүрээлэнг Канзаст барьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-03-21 15:40:41

КАНЗАС, 2024 оны гуравдугаар сарын 21 /AP/. Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн багт тусгайлан зориулж барьсан дэлхийн анхны цэнгэлдэх хүрээлэн АНУ-ын Канзас хотод нээгдлээ. 


Канзас хот Америкийн хөл бөмбөгийн нийслэл болохыг зорилгыг өмнөө тавиад байгаа юм. Тус хотод дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд, КОНКАКАФ-ын Алтан цомын тэмцээн, Олимпын эрх олгох тэмцээнүүд болсон билээ. АНУ, Мексик, Канад улсуудад зохион байгуулах 2026 оны эрэгтэйчүүдийн ДАШТ-ын зургаан тоглолт энэ хотод болно.


20 шахам жилийн дараа Канзас хот эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн багтай болсон нь эрэгтэйчүүдийн нэгэн адил мэргэжлийн шинэ лигийн эхлэлийг тавьсан юм.  “Канзас Сити Каррент” клуб бол Үндэсний эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн лигийг (NWSL) 2012 онд үүсгэн байгуулсан найман клубийн нэг билээ.  Лигийн анхны тэмцээн 2013 онд болсон бөгөөд тухайн үед Канзасын бүсгүйчүүд “Портленд Торнс” багтай хийсэн тоглолтод 1:1 харьцаагаар тэнцэж байлаа. 11 жилийн дараа буюу энэ оны гуравдугаар сарын 16-нд багуудын хооронд болсон тоглолт мөн эмэгтэйчүүдийн мэргэжлийн спортод зориулан барьсан цэнгэлдэх хүрээлэн дэх анхны тоглолт болж түүхэнд үлджээ.


120 сая долларын өртгөөр баригдсан уг цэнгэлдэх хүрээлэн 11.5 мянган хүний багтаамжтай. Шинэ цэнгэлдэх хүрээлэн нь 2025 он гэхэд “Канзас Сити Каррент” клубт жилд 48.8 сая долларын орлого оруулна гэж тооцоолжээ. Тус клубийн үнэлгээ 75 сая долларт хүрсэн нь Америкийн эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн лигийн клубүүдийн дунд 5 дугаарт бичигдэх үзүүлэлт юм.

Холбоотой мэдээ