ӨВӨРХАНГАЙ: Орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын тээвэр ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-03-20 18:43:56

Арвайхээр, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас “Өргөжин тэлэх Өвөрхангай” хөрөнгө оруулалын чуулганыг Улаанбаатар хотод өнөөдөр зохион байгууллаа.


Аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, аймагт хэрэгжүүлэх томоохон төслийг танилцуулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилго бүхий тус чуулганд нийт 250 гаруй хүн оролцож мэдээлэл солилцож байна.



Өвөрхангай аймгийн эдийн засгийн 47.2 хувийг хөдөө аж ахуй, 36.3 хувийг үйлчилгээ, 16.4 хувийг үйлдвэрлэлийн салбар эзэлдэг. Тус аймаг өрсөлдөх чадварын үнэлгээгээр 74.7 хувьтай байна. Сүүлийн гурван жилийн байдлаар улс, орон нутгийн төсвийн 415 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа юм.


Чуулганыг нээж, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэхдээ, “Өвөрхангай аймагт хөрөнгө оруулалт хийхэд гурван онцлог давуу тал байдаг. Монгол орны төв хэсэгт оршдог, зам харилцааны зангилаа бүс нутаг учраас цаашид тээвэр ложистикийг хөгжүүлэх боломжтой. Түүнийг дагасан бөөний худалдаа, үйлчилгээний салбарыг хөгжүүлж, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх боломж бий. Мөн эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй учраас малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж, шинэ шатанд гаргах шаардлага байгаа” гэлээ.



Энэ үеэр Арвайхээр суманд хүнсний ногооны 1000 тоннын автомат төрөлжсөн зоорь, өвлийн хүлэмжийн цогцолбор байгуулах, 800 айлын орон сууц барих, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын тээвэр ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, улсын чанартай Арвайхээр - Баянхонгор чиглэлийн АО302 дугаартай авто замаас Гучин-Ус - Шивээхүрэн чиглэлд хатуу хучилттай авто зам барих хөрөнгө оруулалтын ажилд санамж бичиг байгуулаад байна.

Холбоотой мэдээ