Венецийн 60 дахь удаагийн биеннальд УГЗ А.Очирболд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-03-19 11:15:06

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дүрслэх урлагийн тэргүүлэх зэрэглэлийн наадам Венецийн 60 дахь удаагийн биеннальд УГЗ А.Очирболд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болжээ.


2024 оны дөрөвдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 24-нд болох олон улсын дүрслэх урлагийн Венецийн биенналь дахь Монголын павильоны уран бүтээлчээр УГЗ А.Очирболд сонгогдож куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч СТА О.Оюунтуяа, ко-куратороор ХБНГУ-ын ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейн захирал Др. Грегор Янзэн уригдан хамтран ажиллах юм. 


Монголын павильоны үзэсгэлэн нь “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй бөгөөд уран барималч А.Очирболд бүтээлээрээ дамжуулан ухамсрын гүн түвшин рүү үзэгчдийг хөтлөх болно. Уран бүтээлч шинэ бүтээлээ Буддын шашны догшин сахиус Ситипати буюу төвөдөөр Дүртэддагва шүтээний дүрслэлээс санаа авсан бөгөөд тэр дундаа гурван нүдтэй гавлын яс нь амьдралын мөнх бусыг сануулж, сүнслэг ертөнцийн тухай ойлголт, түүний шилжилт, дээд ухамсар, гэгээрлийн эрэлхийллийг бэлгэддэг. 


Түүний уран бүтээлийн концепт нь нийгмийн болон хүмүүний хөгжил, харилцааны өөрчлөлт, түүнчлэн хүн төрөлхтний ухамсрын даяарчлалын бодит дүр төрхийг ажигласан судалгаан дээр тулгуурласан байдаг. Кураторын баг уран бүтээлчийн "Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй" шинэ өрөг орон зайн баримлыг түүхэн Ситипатийн дүрслэлтэй харьцуулан, улмаар "Ухамсраа дахин нээхүй" уран баримлын цуврал бүтээлээр үзэсгэлэнгийн дэглэлтийг баяжуулж үзэгчдэд толилуулах юм.  


“Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд болох уг биеннальд ерөнхий куратор Адриано Педроса Венецийн Арсенал болон Жиардинид байрладаг үндсэн үзэсгэлэнд олон улсын 330 уран бүтээлчийг урин оролцуулна. Энэ удаагийн биеннальд нийт 88 улс өөрийн бие даасан павильоноо үзэгчдийн хүртээл болгох аж.


Биенналийн албан ёсны нээлт дөрөвдүгээр сарын 20-нд, Монголын павильоны хэвлэлийн бага хурал, албан ёсны нээлтийн ажиллагаа дөрөвдүгээр сарын 18-нд тус тус болох юм.







Холбоотой мэдээ