“Старшип” пуужинг гурав дахь удаагаа туршлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-03-15 11:23:38

ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны гуравдугаар сарын 15 /VoA/. “Спэйс Икс” компанийн зохион бүтээсэн “Старшип” пуужинг пүрэв гарагт гурав дахь удаагаа туршлаа.


Компанийн төлөөлөгчид туршилтыг амжилттай болсон гэж мэдэгджээ. “Старшип” хөлөг энэ удаад нэг цаг орчим ниссэн боловч агаар мандалд буцаж орсныхоо дараа Энэтхэгийн далайн усанд газардаж чадаагүй байна. 


Пуужинг Төв Америкийн цагаар 08:25 цагт АНУ-ын Техас муж улсын Бока Чика хот дахь “Спэйс Икс” компанийн туршилтын талбайгаас хөөргөсөн байна. Хөөргөснөөс гурван минутын дараа эхний угсраа болох “Супер Хэви” пуужин хоёрдугаар угсраа буюу “Старшип”-ээс амжилттай салжээ. Нислэгийн үеэр мөн “Старшип”-ийн ачааны хэсгийг нээж хаах, түүнчлэн тойрог замд пуужингийн түлшийг нэг савнаас нөгөөд шахах туршилт амжилттай болсон байна. Гэвч дэлхийн агаар мандалд буцаж орох үед пуужин удирдлагын төвтэй холбоо тасарчээ. 


Гурав дахь туршилтын нислэгийн зорилго нь өмнөх нислэгүүдийн туршлагыг сайжруулах, хоёр угсрааг хоёуланг нь амжилттай хөөргөх, “Старшип”-ийн ачааны хэсгийг нээх, хаах, мөн нислэгийн үед түлш шилжүүлэх, “Раптор” хөдөлгүүрийг сансарт дахин асаах, “Старшип”-ийг дэлхийн агаар мандалд хяналттайгаар буцааж оруулах зэрэг байлаа гэж “Спэйс Икс”-ийн цахим хуудсанд мэдээлсэн байна. 


“Старшип” энэ удаад шинэ траектороор ниссэн бөгөөд Энэтхэгийн далайд газардах ёстой байжээ. Энэ траектор нь олон нийтийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангахын зэрэгцээ сансарт хөдөлгүүр асаах зэрэг шинэ маневруудыг турших боломжтой аж.


“Спэйс Икс” компанийн “Старшип” сансрын хөлөг болон “Супер Хэви” зөөгч пуужин бол дэлхийн тойрог зам, мөн Сар, Ангараг гараг руу сансрын нисгэгчдийг хүргэх зориулалттай, дахин ашиглах боломжтой сансрын хөлөг юм.


Тус компани “Старшип”-ийн загварыг хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сарын 18-нд туршсан юм. Туршилтын үеэр эхний угсраа хөлгөөс салсан боловч агаарт дэлбэрчээ. 

Холбоотой мэдээ