Л.Дашням: Монголын оюуны их өв сан, зургууд, зураач нараас холдомгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-03-12 16:34:46

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын багш, профессор Л.Дашням хувийн цуглуулгаасаа бүрдсэн "Холдомгүй" уран зургийн үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр нээлээ.


Тэрбээр энэхүү үзэсгэлэнгээ өөрийн гэргий Монгол Улсын Хүний гавьяат эмч Л.Золзаяагийн 80 насны ойд зориулан зохион байгуулж байгаагаа нээлтийн үеэр тодотгов.


"Холдомгүй" үзэсгэлэнд Төрийн шагналт зураач Ц.Цэгмэд, С.Саранцацрал, МУСГЗ зураач Ц.Энхжаргал, зураач М.Моломжамц нарын Монголын алдарт зураачдын 80 гаруй бүтээлийг дэлгэжээ. 


Нээлтийн үеэр Ардын багш Л.Дашням хэлэхдээ, “Би энэ зургуудаас 50 гаруй жил холдоогүй. Тиймээс үзэсгэлэнгээ “Холдомгүй” гэж нэрлэсэн. Зургуудаас, зураач нараас, Монголын оюуны их өв сангаас холдомгүй байна. Үзэсгэлэндээ зургаан настай, сурагч, миний ач охиноос эхлээд Г.Одон, Б.Чогсом, Г.Дунбүрээ гээд Ардын зураачдын бүтээлүүдийг дэлгэсэн. Би цуглуулагч гэдэг үгэнд таатай ханддаггүй. Яагаад гэвэл, Монголын оюуны санг бүрдүүлж, бүтээж байна гэж үздэг. Мөн Монголын уран бүтээлийн их өвийг бий болгож байна гэж боддог. Энэхүү үзэсгэлэнд байгаа бүтээлүүд бол Монголын урлагийн 50 жилийн хөгжлийн түүх юм. Монгол урчуудын 50 жилийн амьдрал юм. Нэг зургийн ард олон дурсамж, олон түүх бий. Өнөөдөр их баяртай байна. Үзэсгэлэнгийн нээлтэд ирсэн хүмүүсээсээ ч холдомгүй байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.  


Ардын багш, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Тува Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн. Шинжлэх ухааны болон Ардын боловсрол, Соёлын тэргүүний ажилтан, олон улсын эдийн засагч, шинжлэх ухаан судлаач, МЗЭ-ийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч, академич Л.Дашням 1943 онд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн. Тэрбээр 1970 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, “Нялх ногоо”, “Бурхантын цэцэг”, “Хайрын нууц” зэрэг уран зохиол, сэтгүүл зүй, судалгаа, орчуулгын төрлөөр 60 гаруй ном, бүтээл хэвлүүлэн уншигчдын хүртээл болгосон юм.











Холбоотой мэдээ