Улиастай сумын II сургууль байгальд ээлтэй загвар сургууль боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы төв Улиастай сумын II арван жилийн сургуулийн 160 хүүхдийн хичээлийн байрны засвар шинэчлэлийн ажил амжилттай хийгдэж улсын комисс хүлээн авлаа.
Тухайн барилгын засвар шинэчлэлийн ажил нийт 205 сая төгрөгийн өртөгөөр хийгдсэн бөгөөд Улиастай сумын ОНХС-аас 50 сая, аймгийн ОНХС-аас 50 сая, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрчим хүчний үр ашиг төслөөс 105 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна. Барилгын засварын гүйцэтгэгч компаниар Засагт хан констракшн компани ажиллажээ. Дашрамд дуулгахад "эрчим хүчний үр ашиг гэдэг нь бага эрчим хүч ашиглан хэвийн үйлчилгээ авах эсвэл хэвийн үр дүнд хүрэх” гэсэн ойлголт юм. Өөрөөр хэлбэл ухаалаг, сайжруулсан технологи ашиглан өөрт авдаг хэрэглээгээ яг тэр түвшиндээ авах гэсэн үг гэж болно. Өнөөдөр тулгамдсан хамгийн том асуудал бол агаарын бохирдлоос улбаатай дэлхийн дулаарал буюу уур амьсгалын өөрчлөлт билээ.
Тэгвэл энэ засвар шинэчлэлийн үр дүнд тухайн барилгын халаалтын зардал 50-60 хувиар буурах бөгөөд мөн хэмжээний агаарын бохирдлыг бууруулах боломжтой боллоо хэмээн төслийн зүгээс онцолж байлаа.
Энэ мэтээр иргэд, аж ахуйн нэгжүүд байшингаа дулаалснаар халаалтын эрчим хүчний зардлаа бууруулаад зогсохгүй агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулж буй сайн үйлс юм гэдгийг ч нээлтийн үеэр хэлж байв.
Б.Мягмарсүрэн/Завхан/