ТӨВ: Орон нутгийн чанартай 60 үйлчилгээний мэдээллийг шинээр загварчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-03-05 15:33:01

Зуунмод, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын салбар дундын зохицуулалтын газрын шинжээч Б.Дуламсүрэнгээр ахлуулсан ажлын баг Төв аймагт ажиллалаа.

 

Ажлын баг төрийн үйлчилгээг цахимжуулж хүнд суртлыг багасгах бодлогын хүрээнд орон нутагт үзүүлдэг үйлчилгээнүүдийг дахин загварчлах, шинээр үзүүлэх үйлчилгээний санал авах зорилгоор иржээ.

 

Ажлын багийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Отгонбат хүлээн авч санал солилцлоо. Тэд энэ үеэр 2021 онд нэвтрүүлж байсан орон нутгийн шинж чанартай 60 үйлчилгээний мэдээллийг шинэчлэн загварчлахаар болсон юм.

 

Тухайлбал, Орон нутгийн чанартай үйлчилгээ болох архи, тамхины зөвшөөрөл, галын дүгнэлт, боловсролын үйлчилгээ, эм, эмийн хэрэгсэл худалдах зөвшөөрөл, лавлагаа, хүсэлт гэх мэт үйлчилгээг шинэчлэхээр болсон байна.

 

Эдгээр үйлчилгээг авахын тулд иргэд 10 хүртэлх бичиг баримт бүрдүүлдэг байсан бол дөрвөн төрлийн бичиг баримт бүрдүүлэх боломжтой болж байгаа юм.  

 


Монгол Улсын хэмжээнд И-Монгол систем 1,7 сая хэрэглэгчтэй 86 байгууллагын 1173 төрлийн үйлчилгээг 41 сая удаа үзүүлэн ажилласан байна.

 

Холбоотой мэдээ