Н.Моди: Энэтхэгийн анхны сансрын нисгэгчид үндэстний урам зоригийг бадраана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНШИНЭ ДЕЛИ, 2024
оны хоёрдугаар сарын 28 /VOA/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тус улсын түүхэнд анх удаа сансарт нисэж, тойрог замд ажиллахаар бэлтгэж буй дөрвөн сансрын нисгэгчид баяр хүргээд, энэхүү үйл явдал нь дараа дараагийн үеийнхэнд
урам зориг өгнө гэлээ.
“Пуужин хөөргөх нь Энэтхэгийн олон
мянган хүүхдүүдэд урам зориг өгч, өнөөдөр цаасан онгоц хийж буй хүүхдүүд та бүхэн шиг судлаачид болохыг мөрөөднө” гэж Н.Моди хэлсэн
байна. 2025 онд сансрын нисгэгчдийг дэлхийн тойрог замд
гаргахаар төлөвлөж байгаа “Gaganyaan” буюу “Тэнгэрийн хөлөг” нь Энэтхэгийн Сансар судлалын байгууллагын /ISRO/ техникийн
чадавхийг илтгэх чухал хэмжүүр болох
юм.
“Та бүхэн ирээдүйд бий болох боломжуудын шинэ үүд хаалгыг нээж
байна” гэж Н.Моди мягмар гарагт ISRO-ийн эрдэмтэдтэй
уулзах үеэрээ хэлжээ. Тэрбээр
өмнөд нутгийн Керала муж дахь
Викрам Сарабхайн нэрэмжит
сансар судлалын төвд зочилж, Ажит Кришнан, Прашант Балакришнан Наир, Ангад Пратап,
Шубханшу Шукла гэсэн дөрвөн сансрын
нисгэгчтэй уулзаж, 1.4 тэрбум энэтхэгчүүдийг хүсэл тэмүүллийг сансарт тээн явах гэж байгааг нь онцолсон байна.
“Gaganyaan” бол сансрын нисгэгчдийг тойрог замд гаргах Энэтхэгийн анхны хөтөлбөр бөгөөд ISRO-ийн мэдээлснээр 1.08 тэрбум ам.долларын өртөгтэй ажээ. Энэтхэг улс сансрын нисгэгчдийг сансарт гурав хоногийн хугацаагаар илгээж, түүний дараа өөрийн нутаг дэвсгэрийн усанд зөөлөн буулт хийлгэж буцаан авчрахаар төлөвлөж байгаа ажээ.
Өмнө нь Н.Моди мэдэгдэхдээ, 2034 он гэхэд сансрын станцаа хөөргөж, 2040 он гэхэд Саран дээр хүмүүсийг буулгах төлөвлөгөөгөө зарлаж байсан билээ. Өнгөрсөн наймдугаар сард Энэтхэг улс нь ОХУ, АНУ, БНХАУ-ын дараа Саран дээр сансрын аппарат буулгасан дөрөв дэх улс болсон юм. Улмаар есдүгээр сард Нарны хамгийн гаднах давхаргыг ажиглах аппарат хөөргөсөн билээ.
Энэтхэгийн сансрын хөтөлбөр нь 2008 онд Сарыг тойрон
эргэх аппарат илгээснээсээ хойш ихээхэн өргөжөөд байгаа бөгөөд томоохон ололт амжилтуудад харьцангуй бага зардлаар хүрч байгаа юм. Энэтхэг улс одоо
байгаа технологийг хуулбарлан
буулгаж, шинэчлэн сайжруулахын
зэрэгцээ гадаадын мэргэжилтнүүдийнхтэй харьцуулахад бага
цалин авдаг өндөр ур чадвартай олон тооны инженерүүдийг ажиллуулснаар
зардлыг хэмнэх боломжтой болжээ.