Булган аймгийн МСҮТ-ийн сургалтын орчинг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-02-19 14:53:01

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд "Булган аймгийн Булган сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо.


Энэхүү төслийн гэрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар гарын үсэг зурав.


Төслийн хүрээнд, ХААИС-ийн харьяа Булган аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн байрыг засах юм.


Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өдийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжүүлэх Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 601 дэх, Булган аймагт хэрэгжүүлэх 19 дэх төсөл болж байгааг Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара онцолж байлаа. 


Гарын үсэг зурах ёслолын үеэр тэрбээр хэлэхдээ, “Булган аймгийн хүний нөөцийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн байр он удаан жилийн ашиглалтаас үүдэн ихээр хуучирч муудсан гэж дуулсан. Энэ удаагийн төслийг хэрэгжүүлснээр тус төвийн эрүүл ахуй, сургалтын орчин сайжирч, нийгэмд хэрэгцээтэй ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх боломж бүрдэнэ гэж найдаж байна. Японы ард түмний халуун сэтгэл шингэсэн төслийг чанартай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд хяналт тавих, засварын дараа тус барилгыг ариг гамтай хэрэглэхийг холбогдох хүмүүсээс хичээнгүйлэн хүсэж байна. 

Булган аймаг байгалийн үзэсгэлэнт төгс бүрдсэн уул ус, нуур цөөрөм, түүхэн дурсгалт барилга бүхий олон газартай, мөн Монголын анхны сансрын нисгэгч зэрэг олон алдартныг өлгийдөж гаргасан нутаг гэж сонссон. Ийм сайхан Булган аймаг цаашид улам хөгжинө гэдэгт итгэж байна. Япон, Монгол орны найрсаг харилцаа улам бүр өргөжин хөгжихийг хүсэн ерөөе" гэв.

Энэ удаагийн батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 244.084 ам.доллар юм.


 “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүрэг гүйцэтгэдэг.



Холбоотой мэдээ