2024 он гарснаас хойш манай улсад 39411 жуулчин иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-16 15:48:37

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэр хэрэгжиж эхэлжээ.


Уг шийдвэр ирэх дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал үргэлжлэх юм.


“Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Засгийн газраас уг тогтоолыг гаргасан бөгөөд үүнтэй холбоотойгоор судалгаа авахад 160 орчим компани аялал жуулчлалын чиглэлээр өвөл ажиллах захиалга өгчээ. Тэдгээр компанийн цахилгааны хэрэглээний төлбөр 1.8 тэрбум төгрөг болох тооцоо гарсан ба уг төлбөрийг БОАЖЯ хариуцан шилжүүлэхээр зохицуулсныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ажлын албаны дарга М.Нарангэрэл ярьсан байна.


Манай улсад 2024 оны хоёрдугаар сарын 5-ны байдлаар 39411 жуулчин иржээ. Үүнээс 14505 нь ОХУ, 11798 жуулчин Хятадаас, Солонгосоос 3436, АНУ-аас 536, ХБНГУ-аас 336 жуулчин манай улсын өвлийн аялал жуулчлалыг сонирхохоор ирсэн байна. Нийт жуулчдын 29.2 хувь нь “Чингис хаан”, 18.6 хувь нь Боршоо, 18.1 хувь нь Замын-Үүд, 16.4 хувь Алтанбулагийн боомтоор орж ирсэн байна. 

Холбоотой мэдээ