А.Брейвикийн гомдлыг хүлээж авахаас татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-02-16 14:30:25

ОСЛО, 2024 оны хоёрдугаар сарын 16 /BBC/. 2011 онд 77 хүнийг хөнөөсөн хэргээр 21 жил хоригдох ял эдэлж байгаа неонацист үзэлт Андерс Брейвикийн гаргасан гомдлыг Норвегийн шүүх хүлээж авахаас татгалзжээ. 


Одоо 45 настай Брейвик ял сонссоныхоо дараа чанга дэглэмтэй хорих ангийн бусад хоригдлуудаас тусдаа хоригдож байгаа бөгөөд тэрбээр "хүнлэг бус нөхцөлд хорьж байгаа нь миний эрхийг зөрчиж байна" гэж гомдол гаргасан байна.


Брейвик өөрийг нь урт хугацаагаар тусгаарлаж, хүний эрхийн тухай Европын конвенцын 3 дугаар зүйл заалт буюу хүнлэг бус харьцах, нэр төрийг гутаан доромжлохыг хориглосон заалтыг зөрчсөн гэж Норвег улсыг шүүхэд өгчээ. 


Аюулгүй байдлын үүднээс «Рингерик» шоронгийн спорт зааланд явуулсан шүүх хурлын үеэр Брейвик өөрийгөө сэтгэл гутралд орсон, сэтгэл гутралын эсрэг эмнээс хамааралтай болсон гэсэн байна. Тэрбээр "намайг амиа хорлох үйлдэл рүү түлхэхийг оролдсон" гэж эрх баригчдыг буруутгажээ. Харин Норвегийн эрх баригчид Брейвик бусдад аюул учруулдаг учраас түүнийг чанга хатуу хэдий ч тохь тухтай нөхцөлд хорьж байгаа нь үндэслэлтэй гэж мэдэгджээ.


“Брейвик шоронд сайн нөхцөлд, өдөр тутмын амьдралдаа харьцангуй илүү эрх чөлөөтэй хоригдож байна” хэмээн шүүгч Биргитте Колруд үзсэн байна.


Брейвик 2011 оны 7 дугаар сарын 22-нд Осло хотын төвд Засгийн газрын байрны ойролцоо тэсрэх бөмбөгөөр автомашин дэлбэлж, найман хүний аминд хүрснийхээ дараа Утойя арал дээр 69 хүнийг (ихэнх нь залуучууд) буудан хөнөөсөн юм.  


2012 онд түүнд 21 жил хорих ял оноосон бөгөөд бусдад аюул учруулсан хэвээр байх тохиолдолд ялын хугацааг сунгана.


Брейвикийн хоригдож буй шоронгийн камер нь унтлагын өрөө, офис, дасгал хийх жижиг өрөө гэсэн гурван тусдаа хэсэгтэй. Тэрбээр мөн гал тогоо, зочны хэсэг, уулзалтын өрөө зэргийг ашиглах боломжтой аж. Хорих өрөөнд нь зурагт, Xbox тоглоом, мөн гурван тоть шувуу байдаг гэнэ. 



Холбоотой мэдээ