АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайдыг огцруулахыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-02-14 09:57:09

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 14 /VOA/. Цагаачлалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээс "санаатайгаар байнга татгалзсаар ирсэн", “олон нийтийн итгэлийг урвуулан ашигласан" гэх импичментийн хоёр заалтын дагуу Дотоодын аюулгүй байдлын сайд Алехандро Майоркасыг огцруулахыг Бүгд Найрамдах намынхан олонх болж буй АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим 214:213 гэсэн саналын харьцаагаар дэмжжээ. 


Өмнөх санал хураалтаас хойш долоо хоногийн дараа А.Майоркасыг огцруулах асуудал ийнхүү дэмжигдлээ. Хорт хавдрын эмчилгээ хийлгэж буй БНН-ын гишүүн Стив Скализ өнгөрсөн долоо хоногт болсон санал хураалтад оролцоогүй боловч өчигдрийн санал хураалтад оролцож, шийдвэрлэх саналыг өгсөн байна. 


Гэсэн хэдий ч Ардчилсан намын гишүүд олонхыг бүрдүүлдэг Сенатын танхим Майоркасыг огцруулах магадлал тун бага юм.


Харин А.Майокас хил дээр үүссэн нөхцөл байдалд хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдэж, Конгрессын залруулж чадахгүй байгаа АНУ-ын цагаачлалын тогтолцоо ямар ч үр дүнгүй гэж үзэж байна. 


Төлөөлөгчдийн танхимаас явуулсан түүнийг шалгах ажиллагааны явцад "ноцтой гэмт хэрэг ба буруу үйлдлүүд" хийснийг нотлох баримтуудыг гаргаж ирж чадаагүй гэж Үндсэн хуулийн шинжээчид төдийгүй БНН-ын зарим гишүүн мэдэгджээ. Тэд энэхүү хяналт шалгалтыг “улс төрийн маргаан” гэж үзэж байгаа ажээ.


Нэгдүгээр сард Америкийн өмнөд хилийг хууль бусаар давсан цагаачдын тоо өнгөрсөн оны 12 дугаар сарынхтай харьцуулахад 50 хувиар буурсан гэж Хил, гаалийн алба мягмар гарагт мэдээлжээ. Энэ нь улирлын нөхцөл байдал, АНУ болон түнш орнуудын хууль сахиулах ажиллагаа эрчимжсэнтэй холбоотой юм.


Дотоодын аюулгүй байдлын яамнаас мягмар гарагт гаргасан санамж бичигт, хилийн аюулгүй байдлыг хангахад А.Майоркасын гаргаж буй хүчин чармайлтыг дэмжин хамгаалж, "импичмент гэх инээдмийн жүжгийн оронд" хуучирсан хуулиудыг шинэчилж, Байдены засаг захиргаатай хамтран ажиллахыг Конгресст уриалжээ. 

Холбоотой мэдээ