Эмнэлгүүд рүү хийсэн дайралтыг зогсоож чадаагүй гэж НҮБ-ыг шүүмжлэв

Дэлхийд | Улс төр
sarnai@montsame.mn
2016-09-29 13:09:57

НҮБ. /AP/. Сири, Йемен болон Афганистан дахь зэвсэгт мөргөлдөөн болж буй бүс нутгуудад орших эмнэлгийн барилга байгууламж болон эмч, ажилтнуудыг хамгаалахад чиглэсэн тогтоолоо биелүүлж чадахгүй байна гэж НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг  нэлээд хурцаар шүүмжилж байна.

НҮБ-аас лхагва гарагт зэвсэгт мөргөлдөөний бүс дэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудлаар хурал зохион байгулсан бөгөөд уг хурал Алеппо дахь босогчдын хяналтад байсан хоёр эмнэлгийг бөмбөгдсөнөөс хойш хэдхэн цагийн дараа эхэлсэн нь санамсаргүй тохиолдол байлаа. Хурлын үеэр эмнэлгийн барилга болон эмч ажилтнуудыг хамгаалах үйл ажиллагаа хангалтгүй байгааг онцолжээ.

"Хил хязгааргүй эмч нар" гэдэг байгууллагын Ерөнхийлөгч Жоанн Лю дээрх бүсүүдэд цэргийн ажиллагаа явуулж буй холбоотны цэргийн хүчний бүрэлдэхүүнд оролцож буй НҮБ-ын гишүүн улсууд дээрх асуудлаар улс төрийн хүсэл зориг гаргахгүй байгааг шүүмжилсэн байна. 

Хатагтай Лю “5 дугаар сард уг асуудлаар тогтоол гаргасан боловч уг эмнэлэг рүү хийсэн дайралтыг харвал Аюулгүйн Зөвлөл гаргасан тогтоолоо хэрэгжүүлж чадахгүй байгаа нь тодорхой байна. Мөргөлдөөний бүсэд байгаа иргэд амь насаа аврахын тулд эмнэлгийн тусламж авах боломж улам бүр багасч байна” гэжээ.  

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ