СЭЛЭНГЭ: Э.Зориг: Ихэнх иргэн хойшоо гарч амьжиргаагаа залгуулдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р
багийн Засаг дарга Э.Зоригтой ярилцлаа.
-Багийн Засаг даргын ажлыг хэзээнээс хийх болов. Танай багийн
тухайд тулгамдсан асуудал хийгээд онцлог юу байна вэ?
-Миний
хувьд багийн даргаар сонгогдоод 2 жил болж байна. Манай баг Сэлэнгэ аймгийн
Алтанбулаг сумын 1-р баг. Иргэдийн тухайд нэлээд онцлогтой. Учир нь ихэвчлэн
хилээр ОХУ руу гарч амьдралаа залгуулдаг онцлогтой. Иймээс иргэдийн
оролцоо, идэвх нэлээд сул байдаг.
Иймээс
иргэдийн идэвхийг дээшлүүлэх нь анхан шатандаа ажиллаж байгаа бидний гол зорилго юм.
Иргэд идэвхтэй байх юм бол багийн ажил цаашдаа сайжирна гэж боддог.
Яг өнөөдөртөө
иргэд маань хойшоо гарч амьдралаа залгуулах нь чухал гэдгийг өмнөө тавиад байна
л даа. Тэд өдөр шөнөгүй хойшоо явна. Мөн чөлөөт бүс рүү явна. Манай сумын иргэд
ерөнхийдөө ийм л амьдралтай байдаг.
-Багийн
дарга нарыг чадавхжуулах сургалтаар багуудын сайн туршлагын талаар нэлээд ярьсан.
Танай сумын хувьд сайн туршлага юу байв. Танай иргэд идэвх сул гэлээ. Иргэдээ
идэвхжүүлэх тал дээр ямар ажил зохиосон бэ?
-Энэ
хичээл дээр сонсож байхад Хэнтий аймгийн сайн туршлага их сайхан санагдсан. Чингис
хааны өлгий нутаг гэдгээр ч юм уу, иргэдээ 10-тын бүлэгт хуваадаг юм
байна.
Манай
багийн тухайд цэргийн алба хаахаар зарлан авч байгаа хүмүүс ер дуудлагад
ирдэггүй байсан. Иймээс манай багийн зүгээс залуусыг идэвхжүүлэх, цэргийн албыг
сурталчлах, олон нийтийг хэрхэн татах вэ гэдэг дээр анхаарч ажилласан.
Энд бид
залуусаа, иргэдээ идэвхжүүлэх зорилгоор цэргийн баярын үеийг тохиолдуулан марш
тактикийн тэмцээн зохион байгуулсан. Энэ үйл ажиллагаанд ар гэрээс нь хүмүүс ирж,
хамтдаа хүүхдүүдэдээ дэмжиж оролцсон.
Энэхүү үйл
ажиллагааны үеэр цэргийн албаа хэрхэн хаах, албаны тухай мэдээлэл өгсөн, спорт,
урлагийн үйл ажиллагаа зохион байгуулсан. Ингээд ирэхээр цэрэгт явах залуусын
оролцоо нэмэгдсэн. Энэ бол манай багийн сайн туршлага юм.
-Багийн
Засаг дарга нарт зориулсан сургалтад суулаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Монгол
Улсын Засгийн газрын тогтоолын дагуу хийж байгаа энэ сургалт маш үр дүнтэй,
өгөөжтэй боллоо. Анхан шат дээр ямар ажил явагддаг, энд ажиллаж байгаа
хүмүүсийг чадавхжуулах тал дээр анхаарч байгаад, Монгол Улсын Засгийн газарт
талархлаа илэрхийлье.
Анхан
шатанд ажил юун дээр гацаад байна, яагаад ажлаа үр дүнтэй хийж чадахгүй байгааг
энэ сургалтад сууснаар ерөнхий ойлголт, мэдээлэл олж авч чадлаа. Ингэснээр олж
авсан мэдлэгтээ тулгуурлаад гацаанаас гарах, ажлаа ахиулах үр дүнтэй мэдээллийг
бид олгож чадсан сургалт болж байна гэж дүгнэлээ.
-Танд
баярлалаа.