СЭЛЭНГЭ: Хилчид идэвхтэй дасгал, хөдөлгөөнийг эрхэмлэн бүжгийн клубтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-15 10:38:22

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар дахь Монгол Улсын баатар, Ж.Нэхийтийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт, Хилийн цэргийн 0101 дүгээр анги дэргэдээ “Dancer’s of border guard” бүжгийн клуб байгуулсан байна.

 

Сүхбаатар сумын хэмжээнд хэрэгжүүлж байгаа “Тайван Сүхбаатар”, “Архигүй хамт олон” аяны тугийг тус ангид аялуулж байна. Энэхүү ажлын хүрээнд ангиас бие бүрэлдэхүүний ажлын байрны идэвхтэй дасгал, хөдөлгөөнийг нэмэгдүүлэх зорилготой “Бүжиг-Бидний соёл” аяныг зохион байгуулжээ. 

Клубийн нээлтийн үеэр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, ахлах шалгагч, ахмад Ш.Батсүх бие бүрэлдэхүүнд бүжгийн урлагийн үүсэл, хөгжил, төрөл, ач холбогдлын талаар яриа, таниулга хийж, сургалтыг эхлүүлсэн байна.

 

Цаашид клубийн зүгээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын соёлын төв, аймгийн “Ахмадын цуурай” хамтлагийн ахлагч, МУСТА Д.Дэлгэрцэцэг нартай хамтран ангийн бүрэлдэхүүн, алба хаагчдын хүүхэд, багачуудад бүжгийн сургалт явуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ