Дэлхийн хоёр дахь өндөр барилгыг барьж дуусгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2024-01-11 15:35:50

СӨҮЛ, 2024 оны нэгдүгээр сарын 11 /Yonhap/. Куала Лумпур хотноо дэлхийд хоёрдугаарт орох 118 давхар өндөр барилгыг барьж дуусгаснаа “Самсунг C&T” компани  өнөөдөр мэдэгдлээ.


Малайзын нийслэл хотын төвд орших 679 метр өндөр Мердека 118 барилгыг нээх ёслол лхагва гарагт болжээ.


Энэ барилга бол Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубай хотод орших 828 метр өндөртэй Бурж Халифа” барилгын дараа орох дэлхийн хоёр дахь өндөр барилга бөгөөд Малайзад хамгийн өндөрт тооцогдож байна.


Нийт 673.9 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий Мердека 118 нь оффис, өндөр зэрэглэлийн зочид буудал, худалдааны төв гэх мэт олон талын зориулалттай ажээ. Уг барилгыг ашиглалтад оруулснаар тэнгэр баганадсан өндөр барилга барьдаг нэр хүндээ дэлхийн даяар бэхжүүллээ гэж "Самсунг C&T" мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ.


Ташрамд дурдахад, “Бурж Халифа”-г мөн Самсунг C&T компани 2009 онд барьжээ. Мөн 1998 онд Малайзын тухайн үеийн хамгийн өндөр барилга болох 452 метр өндөр Петронасын ихэр цамхгийг Куала Лумпурт барьсан ба түүнээс хойш тус улсад хэд хэдэн өндөр барилгыг барьжээ.

Холбоотой мэдээ