“Луу жил” сэдэвт шуудангийн марк гүйлгээнд гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-01-08 16:04:12

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол маркийн 100 жилийн ойн хүрээнд XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилд зориулсан “Луу жил” сэдэвт хоёр нэрийн маркийг гүйлгээнд нэвтрүүллээ. 


Энэхүү хоёр нэрийн маркт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгаас олсон лууны бүтэн дүрс бүхий Ази тивийн анхны олдвор, “хос мөнгөн луу”, фон хэсэгт нь тухайн жилийн махбодыг дүрслэн купоны хамт, хуудсандаа 5 багц марктайгаар хэвлэжээ. Луу жил  эрүүл чийрэг, хүч тэнхээ, үнэнч, цайлган сэтгэлийг илэрхийлдэг байна.


Маркийг бүтээхэд Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, гэвш МУСГЗ Ж.Гончигсүрэн, зурхай судлаач, дэд профессор С.Даваабаяр, МУШУГЗ, археологич, түүхч, доктор /PhD/, профессор Д.Эрдэнэбаатар нар мэргэжлийн зөвлөгөө өгч, холбогдох материалаар хангасан бол маркийн зураачаар Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг нар ажиллажээ.


Зураач Г.Баттөр хэлэхдээ, “Хүннүгийн үеийн олдвороос лууны хэлбэрийг марктаа тусгасан. Луу бол бидний өвөг дээдсийн тахиж шүтэж ирсэн гол бэлгэдэл мөн юм гэдгийг археологич Д.Эрдэнэбаатар хүннүгийн олдвороос илрүүлсэн. Лууг хийсвэрлэн сүүлний хэлбэрийг нь өөрчлөн урлахуйн ухааны өнгө будгийг оруулахыг хичээсэн. Ховор олдворуудаа үнэ цэнтэй болгож, судалгааны эргэлтэд оруулах, түгээж сурталчлах зорилгоор энэхүү маркийг бүтээсэн” гэв.


Монгол маркт 1972 оны 11 дүгээр сарын 7-нд “Арван хоёр жил” хэлхээ, 1992 онд бичвэртэй “Арван хоёр жил” хэлхээ, цувралаар 2000 оны нэгдүгээр сарын 10-нд XVII жарны “Тийн дарагч” хэмээх төмөр луу хоёр нэр, 2012 оны нэгдүгээр сарын 1-нд “Баясгалан” хэмээх усан лууг дүрсэлсэн нэг нэрийн марк хэвлэн шуудангийн гүйлгээнд нэвтрүүлж байжээ.


Энэ үеэр МУСГЗ, Монголын Филателын холбооны тэргүүн Ч.Энхбатын Монголын шуудангийн түүх” үзэсгэлэнгийн нээлт болов.

Энэхүү үзэсгэлэн дөрвөн хэсэгтэй бөгөөд монголчуудын олон зуун жил хэрэглэж ирсэн морин өртөө шуудангаас бие даасан шуудангийн системд шилжсэн тухай түүхийн ховор баримтуудыг дэлгэсэн байлаа. Нэгдүгээр хэсэгт, Монголын морин “Өртөө” шуудангийн систем, хоёрдугаарт Ар Монгол дахь хаант Оросын шуудангийн салбарууд, гуравдугаарт Ар Монгол дахь Хятадын шуудангийн салбарууд, дөрөвдүгээр хэсэгт БНМАУ-ын шуудангийн түүх зэргийг үзэсгэлэнгээс үзэх боломжтой.


Монголын Филателын холбооны тэргүүн Ч.Энхбат, Өртөө шуудан Өгөдэй хааны үеэс үүсэлтэй гэж түүхийн сурвалж бичигт бичсэн байдаг. Түүнээс хойш олон зуун жил цэргийн болон захиа шуудан хүргэх зориулалтаар хөгжсөн. Шуудангийн түүхийг 20-иод жил судалж буй хүний хувьд хэлэхэд, өртөө шуудангийн экспресс захиаг 2-3 төрлөөр ангилсан байдаг. Тухайлбал, хурдан мориор довтолгон хүргүүл хэмээн туурай зурсан байхад мөн нэг өдөрт 300, 400 мод газар хүргэ гэсэн захиа ч байдаг. Хятадаас ирсэн захидал дөрвөн туурай зураад хурдан мориор довтолгон хүргүүл гэсэн байдгаараа онцлогтой. Жирийн захиа 3 өдөртөө, хурдан захиаг түүнээс 2-3 дахин хурдан хүргэх үүрэгтэй байдаг байсан” гэв.


Энэхүү үзэсгэлэн долоо хоногийн турш Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.





Холбоотой мэдээ