“Эрдэнэт ДЦС”-ийн өргөтгөлийг үргэлжлүүлнэ гэж Эрчим хүчний сайд мэдэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-27 10:01:30
oyuka_hu@yahoo.com

Эрчим хүчний сайд П.Ганхүү Орхон аймгийн “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөндөө 22 нэр төрлийн ажлыг багтаасан бөгөөд үүний биелэлт 98 хувьтай байна.

Гэвч тус компанийн зардал 108 сая төгрөгөөр хэтэрсэн гэж “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Ганбаатар хэллээ. Энэ нь төмөр замын тээвэрлэлт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас авдаг усны өртөг өссөнтэй холбоотой гэнэ. Он гарсаар компани авлагаа 739 сая, өр төлбөрөө 380 сая төгрөгөөр бууруулж чадсан байна.

Энэ онд тус компани 2.2 тэрбум төгрөгийн их засвар хийх ёстой бөгөөд одоогоор уг ажилд 1.9 тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж. “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн компанийн гүйцэтгэх захирал О.Ганбаатар хэлэхдээ “Станцын 2-р үнсэн сан дүүрсэн. Нэгдүгээр үнсэн сан 3 жилийн дараа дүүрнэ. Энэ асуудлыг шийдэхэд 6.5 тэрбум төгрөг хэрэгтэй” гэсэн юм.  

Дашрамд дурдахад, тус станц  өнгөрсөн гуравдугаар сард өргөтгөлийн барилгын ажлаа эхлүүлсэн ч зарим шалтгааны улмаас зогсоод байгаа юм. Үүнийг яаралтай үргэлжлүүлнэ гэж Эрчим хүчний сайд онцоллоо.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ