Бангладешийн сонгуульд эрх баригч нам тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2024-01-08 10:31:58

ДАКА, 2024 оны нэгдүгээр сарын 8 /DW/. Сөрөг хүчний намуудын эсэргүүцсэн Бангладешийн парламентын сонгуульд Ерөнхий сайд Шейх Хасинагийн нам тэргүүлж байгаа тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. 


Ш.Хасинагийн эрх баригч Aвами лиг” нам парламентын 300 суудлаас 216-г авч, дөрөв дэх удаагаа дараалан ялах төлөвтэй байна. Сөрөг хүчний гол нам болох Бангладешийн үндсэрхэг нам (BNP) ба түүнтэй эвсэж буй улс төрийн хүчнүүд бүх нийтийн сонгуулийг "бойкотложээ".


Бие даан нэр дэвшигчид 52 суудал авсан бол тус улсын гурав дахь том нам Жатия 11 суудал авчээ. Бангладешийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг зарлах гэж яарахгүй байна. 


170 сая орчим хүн амтай тус улсад санал хураалт ням гарагт орон нутгийн цагаар өглөөний 8 цагт эхэлж, 17 цаг хүртэл үргэлжилжээ. Санал авах байрууд хаагдах үед сонгуулийн ирц 40 орчим хувьтай байсан тухай Сонгуулийн ерөнхий хорооны дарга Кази Хабибул Авал мэдээллээ. Хамгийн сүүлд 2018 онд болсон сонгуулийн ирц үүнээс хоёр дахин их байсан юм.


Парламентын шууд сонгогдох 300 суудлын төлөө 2000 орчим нэр дэвшигч өрсөлдсөн байна. 436 хүн бие даан нэр дэвшсэн нь 2001 оноос хойших хамгийн өндөр тоо юм.

Санал хураалт эхэлснээс хойш хэдэн цагийн дараа Дака хотын баруун дүүрэгт байрлах сонгуулийн нэг хэсэгт бүртгүүлсэн 4200 орчим сонгогчоос ердөө 111 нь саналаа өгөөд байсан гэж сонгуулийн хэсгийн дарга Прашун Госвами  AFP агентлагт ярьжээ.


Хүчирхийллийн асуудлын улмаас сонгогчдын ирц хангалтгүй байх төлөвтэй байв. Цэргүүд болон аюулгүйн байдлын бусад албаныхан санал хураах байруудын хамгаалалтад гарчээ.


Эдийн засгийн өсөлт удааширч байгаа, хүний ​​эрхийн зөрчил, сөрөг хүчнийхэн мөрдлөг хавчлагад өртөж байгаа зэрэг шалтгаанаар сонгуулийн өмнөхөн улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөжээ.


"Бангладешийн үндсэрхэг нам бол террорист байгууллага. Би энэ улсын ардчиллыг бэхжүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ" гэж Ш.Хасина ням гарагт гэр бүлийнхний хамт саналаа өгсний дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ