Израилыг Олон улсын шүүхэд өгснийг АНУ шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2024-01-04 17:40:12

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 4 /VoA/. ӨАБНУ геноцид буюу хүмүүсийг үй олноор нь хоморголон устгах хэргээр Израилын эсрэг НҮБ-ын Олон улсын шүүхэд (ICJ) нэхэмжлэл гаргасныг АНУ-ын эрх баригчид буруушаажээ.


Газын зурваст явуулж буй дайнтай холбогдуулан Израилыг буруутгаж байгааг Вашингтон шүүмжилж байгаа аж.


ӨАБНУ Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг Израилаас шаардахыг Олон улсын шүүхэд хандан хүсжээ.  Израил улс энэ шаардлагыг эрс эсэргүүцэж байгаа юм.


Шүүх Өмнөд Африкийн нэхэмжлэлийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ.


Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ "Ийм нэхэмжлэл гаргасан нь байж болшгүй, бодит үндэслэлгүй бөгөөд сөрөг үр дагавартай" гэжээ.


Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер тусдаа хийсэн мэдэгдэлдээ "бид үүнийг үй олноор хоморголон устгах үйлдэл гэж үзэхгүй" гэжээ.


М.Миллер сэтгүүлчдэд хандан хэлэхдээ "Мэдээж, үй олноор хоморголон устгах үйлдэл бол жигшүүрт гэмт хэрэг. Ийм хэрэгт буруутгахдаа  хөнгөн хийсвэр хандаж болохгүй" гэж мэдэгдсэн байна.



Холбоотой мэдээ