Гватемалд амиа алдагсдын тоо 186 болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2015-10-07 12:40:59

МЕХИКО. /TASS/. Гватемалын Санта-Катарина-Пинула мужид хөрсний гулгалт болсон газраас 186 цогцос олдсон тухай тус улсын Ерөнхий прокурорын газрын төлөөлөгчид мэдээлжээ. Түүнчлэн Камбрай-2 суурингийн 300 орчим оршин суугчийн хувь заяа урьдын адил тодорхойгүй хэвээр байна. Байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүмүүсийн 100 гаруй цогцсыг оршуулахаар өчигдөр төрөл төрөгсдөд нь хүлээлгэн өгчээ.  

Одоогийн байдлаар Гватемалын нийслэл хотоос 15 км зайтай газар оршдог эмгэнэлт явдал болсон газарт явуулж буй ажлыг түр зогсоосон байна. Хэдэн зуун аврагч болон хэдэн арван нэгж техник оролцож байгаа нурангийг зайлуулах ажлыг өнөөдөр орон нутгийн цагаар 06:00 цагт дахин эхлүүлэх аж. Хэдийгээр эрх баригчид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүмүүсийн цогцсуудыг бүгдийг нь олохыг хичээнэ гэж мэдэгдэж байгаа боловч энэ нь техникийн хувьд боломжгүй гэдэг эргэлзээ төрүүлж байгаа юм. Суурин тэр аяараа хэдэн мянган тонн шороо, чулуунд дарагдсан бөгөөд түүгээр барахгүй нурангийг зайлуулахад хэр их цаг хугацаа орохыг хэлэхэд хэцүү байгаа аж.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд