Ш.Чадраабал: Марк бол Монголын соёлын өв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-28 16:09:43

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Шуудан харилцааны хамгийн чухал нэг хэрэгсэл нь яах аргагүй шуудангийн марк билээ. Тэгвэл шуудангийн анхны марк 1840 онд Англид хэвлэгдсэн. Харин Монгол Улсад 1921 оны долдугаар сарын 19-нд Ардын засгийн газрын тэргүүлэгчдийн VI хурлын тогтоолоор “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”байгуулжээ. Тус газрын дарга М.Бат-Очирын санаачилгаар Монгол Улсын шуудангийн анхны маркийг Ардын Засгийн газрын 1923 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр тогтоолын дагуу “Элдэв-Очир” хэмээх долоон марк гаргахаар шийдвэрлэсэн байна. Улмаар 1924 оны долдугаар сарын 1-нд 1, 2, 5, 10, 20, 50 цент, 1 долларын нэрлэсэн үнэтэй таван өнгө ялгасан нэгэн багц маркийг хэвлүүлжээ.

 

Чухам энэ цагаас хойш Монголын марк цуглуулгын түүх эхэлсэн гэж үзэж болох юм. Монголд Филателийн холбоо байгуулагдаад 66 жил болж буй. Энэ хугацаанд олон улсын тив, дэлхийн чанартай үзэсгэлэнд чамгүй амжилт гаргаад байна. Хамгийн сүүлд 2023 оны наймдугаар сарын 11-15-ны хооронд Тайванийн Тайпэй хотод болсон Ази тивийн 39 дүгээр үзэсгэлэнд Монголын филателийн холбооны гишүүд амжилттай оролцжээ. Тус үзэсгэлэнгээс насан хүрэгчдийн ангилалд Ш.Чадраабал Том алтадсан мөнгөн медаль, Ч.Содоо мөнгөн медаль болон хүүхдийн ангилалд Ц.Ашид алтадсан мөнгөн медаль хүртсэн билээ. Цуглуулагч Ш.Чадраабалын авсан Том алтадсан мөнгөн медаль нь Монголын филательчуудын хувьд түүхэн амжилтуудын нэг бөгөөд Монголоос энэхүү медалийг авсан гурав дахь хүн болж байгаа юм. Тэгвэл бид сэтгүүлийнхээ энэ дугаартаа Тайпэйгийн үзэсгэлэнгээс Том алтадсан мөнгөн медаль хүртсэн Ш.Чадраалбалын тухай хүүрнэнэ.

 

Ш.Чадраабал гуай Сүхбаатар аймгаас гаралтай, малчин айлын хүү. Багаасаа л шуудангийн марк цуглуулж байжээ. Элдэв янзын зурганд дуртай түүний анхааралд марк өртөж, сонирхлыг нь татсан гэдэг. Сонирхсон маркаа олдсон дээр нь ганц, хоёроор нь цааш хийнэ. Ингэж явтал дунд сургуулийн багш нь түүнийг “Сайн сурч байна” хэмээн урамшуулаад шуудангийн маркны альбом бэлэглэжээ. Энэ тухай тэрбээр “Намайг маркаа сайн цуглуулаарай гэсэн шиг альбом бэлэглэсэн. Ингээд багшийн бэлэглэсэн альбомонд маркуудаа гоё шинээр нь хадгалдаг боллоо. Эндээс л цуглуулгаа арвижуулах хүсэл сонирхол улам нэмэгдсэн дээ. Эхэндээ голдуу монгол маркаа олдсоны хэрээр цуглуулсан. Оюутан болоод сонирхол маань улам дэвэрч байна. Улмаар дээд сургуулиа төгсөж ирээд Монголын марк сонирхогчдын нийгэмлэгт гишүүнээр элссэн дээ. Одоогийнхоор бол Монголын филателийн холбоо шүү дээ. Гишүүнээр элсэхэд шуудангийн байгууллагаас давуу эрх олгоно. Тэр хэрээр цуглуулга маань өргөжнө. Эхэндээ монгол марк цуглуулдаг байсан бол сүүлдээ гадаад марк нь нэмэгдсэн” хэмээн ярилаа.

 

Марк бол тухайн улсын түүхээс эхлээд урлаг соёл, спорт, улс төр, нийгэм гээд бүхний толь гэдгийг Ш.Чадраабал гуай өгүүлсэн юм. Арга ч үгүй биз. Сэдвээр нь хөөвөл марканд мөнхрөөгүй түүх гэж байхгүй. Сүүлийн үед энэ нь бүр ч өргөн хүрээтэй болсон. Улс төрийн айлчлал, спортын томоохон үйл явдал, түүхэн жүжиг гэх мэтээр хөвөрнө. Тэр утгаараа сэдвийн дагуу цуглуулбал сонирхол татах нь дамжиггүй. Түүний хувьд анх Чингис хааны сэдэвчилсэн марк цуглуулж байжээ. Энэ тухайгаа ярихдаа “Чингис хаан бол манай хамгийн том удирдагч. Үндэсний баатар. Тодорхой тооны марк цуглуулсан. Хожим хүүгээ сургуульд орсны дараа энэ цуглуулгаа шилжүүлэн өгч байлаа” гэв. Түүний хүү Ч.Содоо Чингис хааны маркийн арвин цуглуулгатай бөгөөд багаасаа энэхүү цуглуулгаараа олон улсын үзэсгэлэнд оролцож иржээ. Хамгийн сүүлд л гэхэд Тайпэйд 2023 оны наймдугаар сард болсон олон улсын үзэсгэлэнгээс Чингис хааны сэдэвтэй маркийн төрөлжсөн цуглуулгаараа мөнгөн медаль хүртсэн юм. Ш.Чадраабал “Маркны төрөл, ялгаа зэргийг судалж байна. Үүнээс гадна тарифыг судалж байгаа юм. Монгол Улс 1990 онд нийгэм, эдийн засгийн шилжилтэд орсон. Энэ үеэр эдийн засаг хүчтэй инфляцид ороход шуудангийн тарифыг ойр ойрхон өөрчлөх шаардлагатай болсон. Тарифаа өөрчлөх гэтэл марк нь шаардлага хангахаа больсон. Маркийг төлөвлөж, зурж, хэвлэх хүртэл тодорхой хугацаа зарцуулдаг. Тухайн үед манай инфляц сар, долоо хоногоор өөрчлөгддөг байлаа. Тэгэхэд шинэ, инновацлаг марк гаргасан нь манай шуудангийн байгууллагын сонирхолтой бүтээлч ажлуудын нэг юм. Тэгвэл шуудангийн тариф хэрхэн өөрчлөгдөж байсныг дугтуйн дээр наасан маркаар нь судалж болдог. Нэг жилд тариф зургаан удаа өөрчлөгдсөн тохиолдол бий. Гэтэл шуудангийн тарифыг ойр ойрхон өөрчлөх нь амар хялбар ажил биш хэмээн ярилаа.

 

Олон улсын филателийн холбооноос зохион байгуулж буй үзэсгэлэнд оролцох нь өөрөө эх орноо сурталчилж буй дээд зэргийн хэлбэр юм. Яг л сонгодог урлагийнхан, спортынхон тив, дэлхийд өндөр амжилт үзүүлж Монголынхоо нэрийг мандуулдаг шиг. Учир нь, үзэсгэлэнд оролцсон улс орны филателистүүдээр дамжин Монголын хөгжил цэцэглэлт, үүх түүхийг тарааж байна гэсэн үг. Товчхондоо бол филателистүүд Азийн үзэсгэлэнд оролцсоноороо монгол маркаа, Монгол Улсын шууданг, цаашилбал Монгол Улсаа таниулсан томоохон сурталчилгаа болсныг Ш.Чадраабал гуай онцоллоо.

 

Тэрбээр Том алтадсан мөнгөн медаль авах болзлыг хэрхэн хангаснаа ийн тайлбарлалаа. “1993 онд Эдийн засгийн хямралын үед шууданд богино хугацаанд хэрэглээд өнгөрсөн ховор маркийг аль болох бүрэн хэмжээгээр цуглуулж 80 хуудас буюу таван самбараас бүрдсэн нэг иж бүрэн үзмэр бэлдсэн нь миний амжилт юм. Үүнийг ч олон улсын шүүгч нар үнэлж Том алтадсан мөнгөн медалиар шагнасан хэрэг. Энэ нь Монголын олон улсын хэмжээнд үнэлэгдсэн соёлын нэг чухал үнэт өв болон үлдэж байгаа юм. Ингэж цуглуулан үзмэр болгосон марк, дугтуй бол цаг хугацаа өнгөрөх тусам улам үнэтэй болж ховорддог. Гэтэл манайд шуудангийн зүйлс болох захидлын дугтуй, ил захидал, марк зэргийг нандигнан хадгалж авч үлдэх соёл дутмаг байдаг. Иймээс цуглуулагч нар, түүний дотор марк цуглуулагчдыг соёлыг өвийг бүтээж хамгаалан хадгалагчид хэмээн үнэлдэг юм” гэв.

 

Өнөө үед марк цуглуулгын олон төрөл үүсэн бий болж хөгжиж ирсэн ч мэдээллийн технологийн хөгжлийн улмаас маркийн хэрэглээ хумигдаж байгаа аж. Гэсэн хэдий ч цуглуулагчдын сонирхлыг татах зорилгоор шуудангийн байгууллагууд элдэв шинэ сонин зүйлийг сэдэж гаргах явдал ихэсч байна. Үүний зарим жишээ гэвэл марк үйлдвэрлэхэд шинэ сонин технологиудыг ашиглаж төрөл бүрийн материалаар олон янзын марк үйлдэх болсон. Жишээлбэл, марк хийхэд алт, мөнгө, цагаан алт зэрэг үнэт металиуд, мод, арьс шир, торго даавуу, шил шаазан гээд бараг хэрэглэхгүй материал үгүй болжээ. Мөн оёмол, хатгамал, шуумал, цутгамал болон барлах гэх мэт олон урлах аргуудыг ч хэрэглэж байна. Монгол Улсад л гэхэд алтан хуудсаар болон торгоор хийсэн шуудангийн марк хэд хэдэн удаа гаргажээ.  Ш.Чадраабалын маркны арвин цуглуулгад энэ бүхэн бий. Бөмбөгний ширээр хийсэн хөлбөмбөгийн марк хүртэл түүний цуглуулгад байгаа юм.

 

Тийм учраас Ш.Чадраабал гуайн марк, дугтуйны цуглуулгаас сонирхож, тайлбарлуулна гэвэл нэг өдөр ч багадахаар цаг хугацаа зарцуулах аж.

















Холбоотой мэдээ