СЭЛЭНГЭ: “Сэлэнгийн долгио” чуулга анх удаа мэргэжлийн дуу бичлэгийн студитэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-28 11:25:46

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгад аймгийн төсвийн 199.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар анх удаа мэргэжлийн дуу бичлэгийн студийг байгууллаа.

 

Ингэснээр тус чуулгын уран бүтээлчид томоохон, шинэ уран бүтээлээ туурвих бүрэн боломж бүрдэж байгаа юм.

 

Аймгийнхаа соёл урлагийн салбарыг бодлогоор дэмжих, уран бүтээлчдийн оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтыг аймгийн Засаг даргаас тавин байнгын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

 

Энэ ч утгаар Сэлэнгэ аймаг соёлын байгууллагуудынхаа албан хэрэгцээнд шинэ тоног төхөөрөмж нийлүүлж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүллээ.

 



Тодруулбал, аймгийн 17 сум, 6 тосгоны Соёлын төвүүдэд суурин компьютер, АДБ-ийн "Сэлэнгийн долгио" чуулгад студийн зориулалттай тоног төхөөрөмж, гадаа болон дотор зориулалтын дуу шумын иж бүрэн тоног төхөөрөмжийг гардуулав.

 

Эдгээр байгууллагууд нь иргэдийн авьяас, ур чадварыг хөгжүүлэх, соёлын илэрхийллийн олон талт байдлыг хангах, соёлын биет болон биет бус үнэт зүйлсийг эрхэмлэн хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэдгийг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж энэ үеэр цохон тэмдэглэлээ.


Цаашид аймгийн Нэгдсэн музейг виртуал хэлбэрт оруулах, Номын сангуудын тоног төхөөрөмжийг үе шаттай шийдвэрлэх, Соёл урлагийн байгууллагуудын албан хаагчдыг чадавхжуулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудалд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөсөн байна.

 

Өнөөдөр аймгийн хэмжээнд 26 соёл урлагийн байгууллага үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

 

Эдгээр байгууллага, уран бүтээлчдэд зориулан аймгийн Засаг даргын нөөц сан, үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлаас 170.0 гаруй сая төгрөгийн дэмжлэгийг үзүүллээ.

Холбоотой мэдээ