“Эрх чөлөөний үнэ цэн” үзэсгэлэн нээлтээ хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тэртээ 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд монголчууд төр засгаа сэргээн байгуулж, сэргэн мандлынхаа эхийг тавьж, Богд Жавзандамба хутагтаа хаан ширээнд залсан билээ.
Энэ бол яах аргагүй төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал болсон өдөр. Эрх чөлөөний үнэ цэнийг хэмжээлж баршгүй. 1911 онд туурга тусгаар улсаа сэргээн байгуулж, үндэсний ухамсар сэргэн, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрсийг бий болгосон билээ.
Тэгвэл энэхүү түүхэн өдрөөр буюу энэ сарын 29-нд “Богд хааны ордон” музейн хамт олноос Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 112 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэнг дэлгэх нь ээ. “Эрх чөлөөний үнэ цэн” нэртэй үзэсгэлэнд Богд хаант Монгол Улсын үеийн түүхэн гэрэл зургууд болон Богд хаан болон Улсын Эх дагинын эдэлж, хэрэглэж байсан зүйлүүдийг олны хүртээл болгох ажээ.