Ц.Эрдэнэбаатар: 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол гэдэг нэрийг зарлан тунхагласан гавьяаг хойч үедээ үзүүлж, үнэт чанарыг тодруулах учиртай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-27 12:29:01

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Богд Хааны ордон музей, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Монголын Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газартай хамтран “Монголын тусгаар тогтнол ба Үндэсний эв нэгдэл” эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.


Хоёр хоногийн дараа тохиох Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 112 жилийн ойд зориулсан хуралд УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир, Монголын Бурханы шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, гэвш Лхаарамба Д.Жавзандорж, Богд Хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар тэргүүтэй албаныхан болон эрдэмтэн судлаачид оролцсон юм. Хурлын эхэнд Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг сонордуулсан бол УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, их хамба, гэвш Лхаарамба Д.Жавзандорж нар үг хэллээ.


Хурлын онцлог, ач холбогдлын талаар Богд Хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатараас тодруулахад “Энэхүү хурлын онцлог нь тухайн үеийн монгол туургатан, өнөөгийн Буриад, Өвөрмонголынг 49 хошууг төлөөлж олон эрдэмтэн өөрийнхөө илтгэлийг хэлэлцүүлж байна. Богд хаан бол хувь нь талаасаа ч, шашин талаасаа ч дэлхийн газрын зураг дээр Монгол гэдэг нэрийг сийлж чадсан гавьяагаараа ч, Монгол Улсын хэмжээгүй эрхт хааныхаа хувиар ч тэр судлагдахуун нь далай мэт юм. Энэ судлагдахууны нууц, ил гараагүй олон баримтын нэг хэсэг нь өнөөдрийн хурлаар ил гарах болов уу.


Өнөөдөр Хиагтын музейгээс эрдэм шинжилгээний ажилтан ирж шинэ баримт дэлгэж байна. Мөн Өвөрмонголын Улаанхад хошууны Улаанхад их сургуулийн доктор Бавуу сонирхолтой илтгэл тавих юм. Бидний хамгийн гол зорилго бол 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол гэдэг нэрийг зарлан тунхагласан гавьяаг хойч үедээ, залуучуудад дэлгэн үзүүлж, үнэт чанарыг нь улам тодруулах учиртай. Өнгөрсөн хугацаануудад түүх нэлээд бүдгэрч, заримдаа бид буруу замаар замнаж эхэлсэн тал бий. Өдгөө олон зүйлийн нөлөөгөөр зөв замдаа орж байх шиг.


Өнгөрснөөсөө буруу замаар явбал тэр чигээрээ буруутна. Тиймээс үүнийг зөв болгож байж цаашаа зөв явах болно гэсэн санаагаар эрдэм шинжилгээний хурал хийж байгаа юм. Нөгөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 112 жилийн ой тохионо. Энэ бол монголчуудын бахдаж, омогшиж явах ёстой хамгийн онцгой өдөр юм. Тиймээс монголчууд тухайн өдөр эх түүхээ үр хүүхдэдээ дэлгэж, баатарлаг гавьяа байгуулсан өвөг дээдсээрээ бахархаасай гэж хүсмээр байна” хэмээн ярилаа.





Холбоотой мэдээ